БНСУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрлээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

 

БНСУ-д сармагчны цэцэг өвчний халдварын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээллээр, сармагчны цэцэг өвчинтэй төстэй шинж тэмдэгтэй хоёр өвчтөний нэгийг Инчон хотын эмнэлэгт тусгаарласан байна. Тус улсын иргэн тэрбээр Герман улсаас Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин иржээ. Хоёр дахь өвчтөн нь гаднын иргэн гэнэ. Тэр даваа гарагт БНСУ-д ирсэн байна. Түүнийг Пусан хотын эмнэлэгт тусгаарлажээ.

Тус улсын эрх баригчид сармагчны цэцгээр халдварласан хүний хавьтагчдыг гурван долоо хоног тусгаарлах арга хэмжээ авах асуудлыг судалж байна гэж Ёнхап агентлаг онцолсон байна.

Үүнтэй зэрэгцэн Сингапур улсад мөн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Их Британийн 42 настай иргэн онгоцны үйлчлэгчээр ажилладаг байна. Тэрбээр энэ сард Сингапурын чиглэлийн хэд хэдэн нислэгийн багт ажиллажээ. Түүний ойрын 13 хавьтагчийг илрүүлж, 21 хоногийн тусгаарлалтад оруулсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, сармагчны цэцэг өвчний халдварын нийт 2500 гаруй тохиолдол, нэг нас баралт дэлхийн 42 оронд бүртгэгдээд байна. Халдварын нийт тохиолдлын 98 хувь нь тавдугаар сараас хойш илэрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top