[БИДНИЙ НЭГ] Хөгжлийн бэрхшээлээ даван туулж буй БҮХНИЙГ ЧАДАГЧ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

"Би бүхнийг хийж чадна" хэмээн өөртөө итгэлтэй ярих энэ охиныг Д.Тамир гэдэг. 17 настай тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй" гэх ангилалд багтдаг ч хэн нэгнээр өрөвдүүлэхийг хүсдэггүй. Зүгээр л бусдын адил гэрээ цэвэрлэж, хоол хийж, хогоо шүүрдэхийг хүсдэг нэгэн.

Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, залуусын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлыг нь ярилцах "Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, залуусын чуулга" уулзалт өнөөдөр (2022.05.27) болж байна. Энэ уулзалтын үеэр оюутнуудын төлөөлөл болгож, Д.Тамир охинтой ярилцсан юм. Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг энгийн хүн шиг хүлээж авдаг нийгмийг хүсэж байна. 

МЭДРЭМЖ: “ЧИ ЧАДАХГҮЙ ЭЭ, БИ ХИЙЕ” ГЭДЭГ ҮГ ХАМГИЙН МУУХАЙ

-Би төрөлхийн нэг гаргүй, хөгжлийн бэрхшээлтэй. Анх үүндээ их эмзэглэдэг байсан юм. Бусдаас санаа зовоод гараа нууж, асуухаар нь уурладаг байлаа. Сүүлдээ олон хүн асуугаад байхаар дасчихдаг юм билээ. Учраа хэлж, тайлбарладаг болсон.   

“Чи чадахгүй, би хийе” гэдэг энэ үг үнэхээр муухай. Надад олон хүн ингэж хэлж байсан. Зүгээр л хог шүүрдэх гэхэд “Хэрэггүй ээ, би хийе” гээд л. Би зүгээр л бусдын адил гэрээ цэвэрлэж, хогоо шүүрдэхийг хүсэж байна.

Би ерөнхий боловсролын 104-р сургуулийг төгссөн. Ангидаа ганцаараа хөгжлийн бэрхшээлтэй нь болохоор хүмүүс өрөвдөж, ажлаас хойш суулгана. Заримдаа манай ангид надаас өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байхгүй гэж бодохоор уур хүрдэг байлаа.  "Чи чадахгүй" гээд л олон зүйлээс тусгаарладаг байсан болохоор тэр.

Сургууль дээр тэмцээн, уралдаан зохион байгуулахад би оролцож чаддаггүй. Миний оронд өөр хүүхэд оруулчихдаг байсан.Тэгээд би тэдний хийж байгааг хараад л суудаг байлаа.

Бас "Чи хөгжлийн бэрхшээлтэй юм чинь ганц, хоёр даалгавар өгөөд дүнг чинь гаргачихъя" гэж хэлж байсан ч багш бий. Тэд энэ үйлдлээ надад тусалж байна гэж боддог байх. Яг үнэндээ энэ бүхэн гадуурхагдаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Би бүх зүйлийг хийж чадна шүү дээ. 

АНХНЫ СЭТГЭГДЭЛ: ХҮМҮҮС ИЛЭН ДАЛАНГҮЙ БОЛЧХООСОЙ

-Би есдүгээр ангиа төгсөөд Хүнс, технологийн коллежид талх, нарийн боовны чиглэлээр сурч байна. Одоо хоёрдугаар курс. Хүмүүс намайг энэ мэргэжлийг сонгосонд их гайхдаг. "Яагаад заавал хоёр гар шаардах ажил хийх гээд байгаа юм бэ" гээд л. 

Дунд сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болохоо мэдэхгүй байсан юм. Гэтэл нэг өдөр интернетээр над шиг гаргүй хүн бялуу хийж байхыг харсан. Түүнийг нь хараад урам орж, талх, нарийн боов хийдэг хүн болохоор шийдсэн. 

Хичээлдээ ирсэн эхний өдөр багш нар нэлээд санаа зовж, хүлээж авсан. Харин ангийнхнаасаа бол би өөрөө нуудаг байсан юм. Нэг өдөр манай ангийн хүүхэд "Сандал аваад өгөөч" гэхээр нь авч өгөх гээд бостол "Өө чи нэг гаргүй юм уу, тэгвэл би өөрөө авчихъя" гэсэн. Үүнээс хойш ангийн бүх хүүхэд мэдсэн.

Хамгийн муухай нь тэд надтай энэ талаар ярилцахгүй хэрнээ нууцаар шивнэж яриад байсан. Хэн нэгний талаар нууцаар ярих муухай шүү дээ. Тийм болохоор би хүмүүсийг илэн далангүй байгаасай гэж хүсдэг. 

ЖАРГАЛТАЙ МӨЧ: ӨӨРИЙН ХИЙСЭН ТАЛХ, БЯЛУУГАА ИДЭХ ХАМГИЙН ГОЁ

-Бялуу, талхаа өөрөө хийж эхэлсэн чинь яг л бүхнийг сурсан юм шиг сайхан санагдаж байгаа. Өөрийн хийсэн талхаа идэх хамгийн гоё. 

Нэг удаа хичээл дээрээ хийсэн бялуугаа гэрийнхэндээ аваачиж өгсөн юм. Ээж маань “Миний охин ийм гоё зүйл хийж чаддаг байсан юм уу” гээд л  амтархан идсэн. 

АМЬДРАЛЫН ТҮШИГ: ЭЭЖИЙНХЭЭ СЭТГЭЛИЙГ Л ТАЙВАН БАЙЛГАХ ЮМСАН

-Миний хамгийн сайн зөвлөх, хамгийн сайн найз бол ээж. Шийдвэрлэж чадахгүй асуудал гарах бүрт ээжтэйгээ ярилцана. Хичээлд явахдаа ямар хувцас өмсөхөө мэдэхгүй байх үедээ хүртэл асууна. 

-Дэндүү бухимдахдаа тэвчилгүй ээждээ уурлах үе бий. "Намайг яах гэж ийм төрүүлсэн юм бэ" гээд л гомдоно. Дараа нь тайвшраад уучлалт гуйдаг. Энэ бүхэнд ээж минь буруугүй шүү дээ. 

Намайг хамгийн сайн ойлгодог энэ хүний ачийг хариулахыг хичээж байгаа. Ээжийнхээ сэтгэл санааг нь тайван байлгаж, сайхан амьдрах юмсан. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erdene met ohind(202.9.40.8) 2022 оны 05 сарын 28

Estoi huurhun ohin bna.amjilt husie.uhaantai mundag.Chi 1 gargui ch nud,hul,...uur busad erhten chin buten bgaad bayarlaad ulam ih hicheej ,setgeleer unalgui amidraarai duu.4 muchgui ch husel muruudluuruu jiguurlej yvdag humuus baidag um shu!Hamgiin gol husel ,muruudul ,hudulmur um .Iim saihan ohintoi chinii eej ih aztai ,chi bas saihan eejtei aztai um.Sain saihniig husie.

1  |  0
Зангараа(202.179.25.77) 2022 оны 05 сарын 28

Ухаантай сайн охин чи бүгдийг чаднаа, эрхтэн бүрэн мөртлөө залхуу, арчаагүй, үхэр мал шиг юмнууд хоцрогдолтойгоо үлдэнэ.

1  |  0
888(139.5.217.237) 2022 оны 05 сарын 28

Ёстой хөөрхөн өрөвчхөн сайхан сэтгэлтэй охин байна. Цаашдын чинь амьдралд сайн сайхан бүхнийг хүсъе. Энэ бхйдал чинь эрүүл хүнтэй зүйрлэхээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй ч олимп, дэлхийд нэрээ гаргадаг алдартнууд зөндөө олон байгаа. Чи яг түүн шиг байгаарай.

1  |  0
Top