Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Жил бүрийн хавар махны үнэ өсдөг бичигдээгүй дүрэм бий болоод удаж байгаа билээ. Тэгвэл махны үнэ өсөх энэ үеэр нөөцийн махны худалдаа иргэдийн дунд урт дараалал болон махны эрэлтийг үүсгээд байгаа юм. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 460 цэгээр нөөцийн мах борлуулж байсныг 556 болгож нэмсэн байна. Засгийн газрын өнгөрсөн сарын 27-ны өдрийн хуралдаанаар нөөцийн махны үнийг нэмэгдүүлэх, махны үнийг бууруулах чиглэлээр гаргасан шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Тэгвэл өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 01 хүртэл нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болсон юм. Энэ талаар сурвалжлан хүргэж байна.


 

НӨӨЦИЙН ГУЛУУЗ МАХЫГ ГУРВАН ХОНОГТ 18 БАЙРШИЛД БОРЛУУЛЛАА

 

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг гурван өдрийн турш нийт 18 байршилд давтагдсан тоогоор 37 цэгт зохион байгуулсан юм. Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт гурав, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хоёр, Налайх болон Багануур дүүрэгт тус бүр нэг байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болсон юм. Энэ хугацаанд 96 тонн бүхий 3850 гулуузыг борлуулсан ажээ. Гулууз мах худалдаалах нь иргэдийг урт дараалал үүсгэхэд хүргэсэн. Тэгвэл энэхүү өргөтгөсөн худалдааны үеэр иргэдийн байр суурийг авсан юм. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайн машины зогсоолд мах худалдаалж байлаа. Иргэд гулууз мах авахын тулд ар араасаа дугаарлан зогсох бөгөөд 20 хэмийн халуунд хөлсөө арчиж буй нэгэн ч байв.

Иргэн Б.Лхагвасүрэн “Гулуузаар нөөцийн мах зарж байгаа мэдээллийг хараад шууд л авахаар ирсэн. Үнэ нь ч хямдарсан учраас бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй үед сайн хэрэг боллоо. Гулууз махны хямдрал удаан үргэлжлэхгүй учраас иргэд урт дараалал үүсгэсэн нь бага зэрэг төвөгтэй байна. Бусдаар бол зөв үйл ажиллагаа гэж бодож байгаа” гэлээ.

Мөн иргэн Ч.Үүрцайх “Амралтын өдрөөр нөхөр бид хоёр мах худалдан авсан. Гулууз мах болохоор амт нь хэр байх бол хэмээн санаа зовсон л доо. Гэхдээ амт нь гайгүй байсан. Тиймээс аавындаа мах авахаар зогсож байна” хэмээв. Хан-Уул, Чингэлтэй дүүргийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүдэд ч энэ дүр зураг ажиглагдсан бөгөөд иргэдийн хувьд гулуузаар мах зарж буйд сэтгэл хангалуун байлаа.

 

ИРГЭД МАХ ХУДАЛДАН АВАХЫН ТУЛД ӨГЛӨӨНӨӨС ХОЙШ УРТ ДАРААЛАЛ ҮҮСГЭЖ БАЙНА ГЭВ

 

Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах цэгт өглөөнөөс хойш ажиллах мах борлуулах ажилчдын зүгээс гурван хоногийн хугацаанд иргэд дараалан зогссон гэдгийг хэлсэн юм.

Нэрээ гаргахаас татгалзсан ажилчин “Хавар болоод ч тэр үү, эсвэл зах зээлийн махны үнэ өссөн учраас иргэд дараалан зогсоод байгаа эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ зах зээлийн ханшаас хямд үнээр борлуулж байгаа нь үнэн. Иргэдийн хувьд гурван хоногийн хугацаанд багтаж гулууз мах худалдан авахын тулд дарааллаж зогссон. Гэхдээ ямар нэгэн асуудал үүсээгүй. Иргэдийн худалдан авалт сайн байна” хэмээв.

Мөн иргэн Г.Өлзийтогтох “Гулуузаар мах зарж буй нь авууштай боловч мах худалдаалж буй хэсэг нь төвөгтэй байна. Тухайлбал, бидний дараалсан Бөмбөгөр худалдааны төвийн машины зогсоол гэхэд л бага талбайтай, мөн мах ачсан машин нь зогсоол руу орж ирэх гэж 30 минут болох жишээтэй. Машины зогсоол дээр мах худалдаалж байгаа болохоор иргэд машин хоёр зэрэгцээд зогсож байна. Байршлаа л буруу сонгосон болов уу гэж харж байна” гэсэн юм.

Мөн иргэн Т.Буянжаргал “Гадаа халуунд удаан байх хэцүүхэн л байна. Өндөр настай болохоор эвхдэг сандалтай ирсэн. Урт дараалалд сандал дээрээ суугаад ээлжээ хүлээж байна. Хямд үнээр боломжийн чанартай мах авах гээд л сууж байгаа минь энэ. Мах гулуузаар борлуулж буй нь амар байна. Гэхдээ гурван хоног үргэлжилнэ гэхийг сонсоод санд мэнд л юм боллоо. Дахиад хэд хоног үргэлжлүүлсэн бол иргэдэд тустай байсан даа” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

 

ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВӨӨР ХОНИНЫ МАХ 12.3-12.9 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА

 

Махны үнэ өнгөрсөн сарын 27-ны байдлаар өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, хонины ястай мах 20-ны өдөртэй харьцуулахад 0.91 хувиар буюу 111 төгрөгөөр өсөж, 12.356 төгрөг болжээ. Харин хонины цул мах 140 төгрөгөөр өссөнөөр 12.900 төгрөг болсон байна. Адууны ястай мах 600 төгрөгөөр өсөж 11.200 төгрөг болсон аж. Ямааны мах хэвийн үнэтэй байгаа бөгөөд нэг кг нь дунджаар 11.200 төгрөгийн ханштай байгаа юм. Харин үхрийн мах 350 төгрөгөөр буурч, 14.125 төгрөг болжээ. Эдгээр ханш нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил үнэтэй байна. Энэ үнэ нь одоогийн зах, худалдааны төвөөр борлуулж буй махны жижиглэнгийн дундаж үнэ юм. Үүнтэй зэрэгцэн нөөцийн мах худалдаалж байгаа ч үнийн хувьд илүү хямд байна.

Тухайлбал, үхрийн мах нэг кг-ыг 8900, хонины махыг 8300, ямааны махыг 7100 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа. Гэвч Засгийн газрын хуралдаанаар нөөцийн махны үнийг кг тутамд 350 төгрөгөөр хямдруулах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ хонины нөөцийн махыг кг нь 7950 төгрөг болж хямдарч байгаа юм. Харин гулуузаар худалдан авсан тохиолдолд кг тутмын үнэ хямдарч, 7750 төгрөхөөр худалдан авах боложтой ажээ. Ингэснээр хонины нөөцийн мах зах, худалдааны төвөөр борлуулж буй махны үнээс 1.6 дахин хямд байгаа юм.

 

НӨӨЦИЙН МАХНЫ ҮНЭ ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ХАНШААС 600-1200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН

 

Энэ жилийн нөөцийн махыг 7100-8900 төгрөгийн хооронд худалдаалж байгаа. Уг ханш нь өнгөрсөн жилээс 600-1200 төгрөгөөр нэмэгдсэн ханш юм. Нөөцийн хонины мах өнгөрсөн жил 6700 төгрөг, үхрийн мах 7700 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн ханштай байжээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2018 оны ханштай өнөөдрийн ханшийг харьцуулахад хонины мах 1900 төгрөгөөр, ямааны мах 2700 төгрөгөөр, үхрийн мах 3300 төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна. Товчхондоо 2021 онд нөөцийн махыг өмнөх жилтэйгээ ижил ханшаар борлуулсан. Бусад цаг үед жил бүр үнийн өсөлттэй байлаа. Ингэхдээ жилд  500-1600 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэйгээр нэмэгдсэн аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top