ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Ковидын дараа ямар шинжилгээ өгөх нь чухал вэ!

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 26

Коронавирусний халдварын тархалт буурч байна. Одоо халдвар эрүүл мэндэд нь ямар хохирол учруулсныг тодорхойлох цаг нь болсон гэж Оросын эмч Татьяна Романенко ярьжээ. Тэрбээр халдвар авсан хүмүүс ямар шинжилгээ өгөх хэрэгтэй талаар зөвлөгөө өгчээ.

Коронавирус юуны түрүүнд уушгинд цохилт өгсөн тул халдвар аваад эдгэрсэн хүмүүс уушгиа компьютер томограф болон спирографийн шинжилгээ хийлгэх ёстой. Амьсгал давчдах, зүрхний цохилт түргэсэх, сульдах зэрэг шинж тэмдэг илэрсэн хүмүүс уушгины эмчид заавал хандах хэрэгтэй гэж эмч онцолжээ.

Аливаа вирусний гаралтай халдварт өвчин зүрх, судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг тул зүрхээ үзүүлэхийг эмч зөвлөж байна. Халдвар цусны эргэлтэд нөлөөлөөд зогсохгүй зүрхний булчинг ачаалладаг байна. Вируст халдварын дараа миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэлт өвчин, эндокардит буюу зүрхний дотор давхаргын үрэвсэл зэрэг хүндрэлүүд үүсдэг байна. Тиймээс зүрхний хэт авиан шинжилгээ (ЭХО) буюу эхокардиограф, зүрхний бичлэг хийлгэхийг эмч зөвлөж байна.

Түүнчлэн, ковидын дараа артерийн даралтад онцгой анхаарал хандуулах ёстой гэж мэргэжилтэн онцолжээ. Халдварын дараа бие тавгүйрхэх нь цусны даралт өссөн эсвэл буурсантай холбоотой байх талтай. Хэрэв даралт 130-80-аас дээш байвал заавал эмчид хандах хэрэгтэй гэж Романенко анхааруулжээ.

Тэрбээр мөн цусны ерөнхий шинжилгээ өгч, цус багадалт үүссэн эсэхийг тогтоохыг зөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top