Фараон I Аменхотепын занданшуулсан шарилыг шинжилжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Эртний Египетийн фараон I Аменхотепын занданшуулсан шарилыг компьютер томографын тусламжтай анх удаа шинжилжээ. МЭӨ 1525-1504 оны хооронд эртний Египетийг захирч байсан I Аменхотепын занданшуулсан шарилыг 140 жилийн өмнө Дейр эль-Бахари хөндийд илрүүлжээ. Тухайн үед археологичид шарилыг гэмтээхгүйн тулд нээгээгүй байна.

Судалгааны багийн ахлагч, Каирын их сургуулийн профессор Сахар Салимын ярьснаар, I Аменхотеп 35 насандаа өөд болжээ. Тэр 169 см өндөр, хөвчийг нь тасалсан, шүд сайтай хүн байжээ. Түүнд 30 ш сахиус, өвөрмөц нарийн хийцтэй алтан бүс зүүжээ. Гаднах төрхөөрөө I Аменхотеп эцэгтэй төстэй байсан гэж судлаачид үзэж байна. Шөвгөр эрүү, богино нарийн хамар, буржгар үс, бага зэрэг орсгой шүдтэй байсан гэнэ.

Шинжилгээгээр фараоны үхлийн шалтгааныг тодруулахад дөхөм болохуйц шинж тэмдэг илрүүлээгүй байна. Фараоны биед ямар нэгэн шарх эсвэл өвчнөөс үүдэлтэй гажиг, өөрчлөлт илрээгүй байна.

I Аменхотеп нь хоёр гарыг нь зөрүүлж, оршоосон анхны фараон болжээ. Занданшуулахдаа тархийг нь аваагүй нь эрдэмтдийн сонирхлыг мөн татсан байна. Шарилыг I Аменхотеп нас барснаас хойш дөрвөн зууны дараа сэргээн засварласан байна. Түүнчлэн шарилыг олон удаа гэмтээсэн байсан нь шарил тоногчдын гарт өртсөн гэж судлаачид үзэж байна.

I Аменхотепын занданшуулсан шарилыг аюулгүй хадгалж үлдэхийн тулд үхэгсдийн хот Луксороос холгүй орших бунхан, сүмийн цогцолбор болох Дейр эль-Бахарид шилжүүлэн оршуулсан байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top