Ч.Чимэдбат: Цагдаагийн алба хаагчид 06:30 цагаас эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод 07:00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Тиймээс цагдаагийн байгууллагын алба хаагчид өглөөний 06:30 цагаас эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ замын хөдөлгөөнд зохицуулалт хийн ажиллаж байна.

Ингэхдээ Улаанбаатар хотын замын томоохон уулзварууд болон сургууль, цэцэрлэг орчмын бүсүүд, ачаалал нэмэгдүүлдэг гарц, уулзваруудад аюулгүй байдлыг хангах, жолооч нарыг хурдан шуурхай хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулалт хийж байгаа юм.

Энэ талаар ТЦА-ны Замын Цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат:

"Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хичээлийн шинэ жил хийгээгүй. Тиймээс иргэд, хүүхэд багачууд хичээлдээ идэвхтэй хамрагдаж, улмаар замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байна. Тиймээс Цагдаагийн байгууллагын зүгээс явган хүний гарц, уулзварт зохицуулалт хийж, тээврийн хэрэгслийн гэрлийг асаах, хүүхэд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих зэргээр ажиллаж байна.

Цаг агаарын байдал дулаахан байгаа учраас иргэд  явганаар болон унадаг дугуйтай зорчих нь их байна. Тиймээс бага насны хүүхдээ биеэсээ салгахгүй байх хэрэгтэй. Харин унадаг дугуйтай зорчигчид явган хүний гарцаар гарахдаа дугуйгаа түрэх, явган зорчигчийн хэсгээр явахдаа бусдын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Үүн дээр мөн цагдаагийн байгууллага хяналт тавьж байгаа.

Сургууль орчмын эргүүл буюу “school police”-тэй хамтарч, тогтмол мэдээ мэдээлэл солилцож, дэмжлэг үзүүлж байна.

Мөн нийтийн тээврийн хэрэгслийг хурдан шуурхай зорчуулах тал дээр онцгой анхаарч, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явахад хяналт тавьж байна. Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгад 06.00-22.00 цагийн хооронд автобусны буудал орчимд суудлын авто машин зогсохыг хориглосон байдаг. Гэтэл замын хөдөлгөөнд автомашинтай оролцож байгаа иргэд автобусны буудал дээр зогсдог. Үүнээс үүдэн нийтийн тээврийн хэрэгслүүд буудал дээрээ зогсож чаддаггүй. Үүнээс үүдэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, тээврийн хэрэгслийн осол гарах эрсдэл үүсдэг. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслийн буудлуудад хяналт тавьж байна” гэлээ.

Иргэдийг замын хөдөлгөөнд ачаалал багатай, аюулгүй зорчуулахын тулд цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ хичээнгүйлэн ажиллаж байна. Тиймээс та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцоорой.

ИРГЭД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХДОО:

-Хүүхдээ зориулалтын суудалд суулгах, хамгаалалтын бүс бүслүүлэх  

-Гарцаар гарахдаа гэрлэн дохиогоо харж, анхаарал болгоомжтой зорчих

- Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тээврийн хэрэгслийнхээ аваарын гэрлийг асаах

- Замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэдээ үлгэр дуурайлал үзүүлж, соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтаж “Хичээл эхэллээ” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж. Уг арга хэмжээний хүрээнд сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, боловсролын байгууллагын ажилтан, эцэг эх асран хамгаалагч нарт замын хөдөлгөөний тухай хууль, эрх зүйн мэдлэг олгох, гудамж замын аюулгүй байдал зэргийг шалгах гэх мэт олон ажил зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top