Соёлын сайд Ч.Номин Говь-Алтай аймагт ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Соёлын сайд Ч.Номин анхны томилолтоо аавынхаа төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Бигэр сумаас эхлүүллээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Бигэр сумд байрлах баялаг түүхт, соёлын дурсгалт “Бигэр номун ханы хийдийн туурь”, Музейн сан хөмрөг, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Ж.Бунтарын нэрэмжит Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцав.

Тус сумын соёлын төв нь 1924 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж, 1957 онд кино цэг, 1964 онд номын сантай болжээ. Үүний дараагаар 1961 онд 160 хүний суудалтай шинэ барилга ашиглалтад орж 1990 оноос “Соёл мэдээллийн төв” нэрээр дөрвөн хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа тэлсэн байна.

Улмаар 2009 онд Соёлын төвийн 280 сая төгрөгийн өртөг бүхий 180 хүний суудалтай шинэ барилга ашиглалтад орж эрхлэгч, дуу хөгжмийн багш, орон нутаг сурталчлах танхимын ажилтан, номын сан, үйлчлэгч, гэрээт ажилтан зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр олон нийтэд үйлчилж байна.

Мөн Бигэр сумын урлаг соёлын салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулсан хүмүүст Соёлын сайд шагнал гардууллаа. Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр номын санч Ц.Ариунтуяа, Жуух бичгээр соёлын ажилтан Т.Батболд, соёлын ажилтан Ж.Нармандах, соёлын ажилтан С.Нансалмаа, Ардын авьяастан цол тэмдгээр Уртын дууч, ерөөлч магтаалч Л.Галбадрах, Уртын дууч, ерөөлч Д. Энхбаатар,Уртын дууч, морь, бөх цоллооч Н.Мөнх-Эрдэнэ, Уртын дууч, ерөөлч Ц.Баттогтохыг тус тус шагнав.

Үүний дараа Соёлын сайд Ч.Номин сумын номын сангаар зочлон соёлын бодлогын хүрээнд уншигчдын сурч, боловсрох оюуны хэрэгцээг хангахад хувиасаа дэмжлэг үзүүлэн шилдэг зохиолч, бүтээлчдийн номын дээжисээс гардууллаа.

Бигэр сумын номын сан нь 2009 онд байгуулагдсан бөгөөд нийтдээ 47 метр квадрат талбайд 8-10 мянган номын фондтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Дотоод гадаадын зохиолчдын бүтээл, уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, үлгэр туульс, тусгай хэрэгцээний 4209 ширхэг буюу 7.969.517 сая төгрөгийн үнэ бүхий номын баялаг сантай.

Энэ үеэр номын сангын эрхлэгч Ц.Ариунтуяа “Цаашид үндэсний мэдээллийг сайжруулж, технологийн дэвшлийг нэвтрүүлж ажиллах” зорилттой байгаагаа танилцууллаа гэж Соёлын яам мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top