ШУА-ийн ГРАНТ МИНИ симпозиум боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Шинжлэх ухааны академи (ШУА)-иас “МИНИ СИМПОЗИУМ”-ыг өнөөдөр зохион байгуулж 2019-2020 онд хэрэгжсэн төслүүдийн үр дүнг хэлэлцлээ.  

Тус симпозиум нь жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд энэ үеэр ШУА-иас санхүүжүүлсэн төслүүдийн үр дүнг танилцуулж хэлэлцдэг.  
 

Энэ онд хэрэгжиж дууссан нийт 13 ШУА-ийн грант төслийн үр дүнг өнөөдөр хэлэлцсэн бөгөөд сонирхолтой,  нийгэмд өгөөжтэй олон үр дүн гарсныг танилцууллаа.Тухайлбал, “Монгол улсын атласыг шинэчлэх, англи хувилбарын эхийг бэлтгэх”, “Бэлчээрийн бог малын дотор махаар бэлэн хоол үйлдвэрлэх технологи”, “Хангайн нуруу орчмын археологийн дурсгалын геологийн тогтоц ба уг дурсгал хийгдсэн чулуулгын насыг тодорхойлох”, “XX зууны Монголын оюуны ертөнц ба философи орон зай”, “Монгол төрийн алтан аргамж: түүх ба орчин үе” сэдэвт 2 бүтээл, “Ходоодны хожуу үеийн хавдрын эрсдлийг бууруулах гарын авлага боловсруулах” зэрэг сонирхолтой төслүүдийг хэлэлцлээ.    

ШУА-иас эрдэм шинжилгээний залгамж үе, авьяаслаг залуу эрдэмтдийг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг дэмжих зорилгоор 2002 оноос ШУА-ийн грант төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хугацаанд нийт 300 гаруй төслийг шалгаруулжээ.

ШУА-иас жилд дунджаар 60 орчим сая төгрөгийн санхүүжилтыг эдгээр төсөлд олгодог байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top