Монгол, Оросын хамтарсан хээрийн сургууль 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу “Сэлэнгэ” сургууль нь 2008 оноос “Дархан” нэртэйгээр анх хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн.

Энэ жил дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Онцгой комиссын өгсөн шийдвэр, зөвлөмжийн дагуу анх удаа өөр өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулагдсан юм. Угтаа уг сургууль нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдсан ба энэ жил ОХУ-ын Буриадын “Бурдан”-ы полигонд зохион байгуулагдах товтой байсан юм. Энэ удаагийн сургуулийг “Терроризмын эсрэг операцын үед тактикийн хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хөрш улсуудын Зэвсэгт хүчний салбаруудын харилцан ажиллагаатайгаар хууль бус зэвсэгт бүлэглэлийг бүслэн хааж устгах” гэсэн сэдвийн хүрээнд гурван үе шаттайгаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Сургалтын төв, зэвсэглэл, цэргийн техникийг түшиглэн зохион байгуулжээ. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн 10 нэгтгэл, ангийн цэргийн алба хаагчид мэргэжлийнхээ дагуу үүрэг гүйцэтгэсэн юм.

“Сэлэнгэ” сургуулийн үр дүнд хоёр орны цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвар, бэлтгэлжилтийн түвшин нэмэгдэж, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг дээшлүүлэх, хоёр орны Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын харилцан ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын холбогдолтой билээ. Сургуулийн хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг тэргүүтэй албаны хүмүүс оролцож, сургуулийн нэгдсэн буудлага болон цэргийн техникийн ёслолын жагсаалыг үзэж сонирхов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top