Охид аз жаргалтай, үнэ цэнтэй өссөнөөр ирээдүй нь гэрэлтэй болно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 11

-Эцэг, эхчүүд хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд орхисноор хүүхэд аюул, эрсдэлд орох магадлал эрс нэмэгддэг-

 

Өнөөдөр “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”  тохиож байна.  Энэхүү өдрийг НҮБ-ийн гишүүн орнууд жил бүр “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”  болгон тэмдэглэсээр ирсэн. Эл өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог. Сүүлийн үед охидын хүчирхийлэл нэмэгдэж, охидын эрхийг хөндсөн гэмт хэргүүд газар авч байгаа нь олны сэтгэлийг эмзэглүүлээд байна. Энэ талаар охидын эрхийг хамгаалах ТББ-ууд дуу хоолойгоо нэгтгэн, охидын төлөө дорвитой ажлууд хийх шаардлага тулгарч байна. Охидоо хэрхэн хайрлан хамгаалж, ирээдүйд өөртөө итгэлтэй зөв хүн болгон хүмүүжүүлэх тухай болон нийгэмд гарч буй дээрх асуудлуудыг хэрхэн шийдэх гарц, боломж байгаа талаар “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн, дуучин Ч.Уранхолбоотой ярилцлаа.

Таны хүү бусдын охиныг хайрлаад халамжлаад явахын тулд тэр хайрыг эцэг, эхээсээ л үлгэрлэнэ. Эрэгтэй хүүхдийн сэтгэл зүй, хайрын хэл, хүсэл сонирхол, чиг хандлага ямар байгааг бүгдийг судал. Үүний тулд ном их унш. Хүүхдээ гэр бүлтэй болоход нь зааж, чиглүүлж, хамтдаа урагшил. Мөн эрэгтэй хүүхдийг хатуу өсгөх ёстой, зодуур нүдүүрийн ая даалгаж сургах ёстой гэсэн уламжлалт сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Зодуулж өссөн хүүхэд том болоод гэр бүлээ, үр хүүхдээ зоддог хүн болно. Хайраар өссөн хүн хэзээ ч хүнийг өвтгөдөггүй юм.

 

-Охидын эрхийг хамгаалах өдөр ямар ажлууд амжуулав даа. Охидын ертөнцийг та юу гэж хардаг вэ?

-Олон охидын ээж гэдэг утгаараа “Mongol HD” телевизээс энэ өдөр намайг нэвтрүүлэгтээ урьсан. Таван охинтойгоо нэвтрүүлэгт орж энэ өдрийг эхлүүллээ. Охидын эрхийг хамгаалах өдөр болохоор тэднийхээ дуу хоолой нь болж төлөөлж оролцсондоо баяртай байна. Охид маань ч гэсэн сэтгэл хангалуун байсан. Үг, үйлдэл хоёр маань нийлдэг байхын тулд хичээж явдаг.  Сүүлийн үед охидод тулгамдаж буй асуудал, бэрхшээлүүдийг сонсоод нойр хүрэхээ больсон. Шөнө дөл болтол сууж охидын төлөө хийх ажлуудаа төсөл болгон бичиж байна. Охидын сэтгэл зүй гэдэг огт ондоо зүйл. Байгалиасаа хорвоо ертөнцийн гол цөм нь байхаар бүтээгдсэн. Би охиддоо гэрийн үйлчлэгч, асрагч авахыг хүсдэггүй, эмзэг мэдрэмтгий охин үрээ хэн нэгэнд даатгаж чаддаггүй. Охид маань аз жаргалтай, үнэ цэнтэй болж өссөнөөр ирээдүй нь гэрэлтэй байна. Ямар хүн болох вэ гэдэг нь хувь тавилан хэдий ч түүнийг чиглүүлэгч нь эцэг, эхчүүд байдаг.  Би аз жаргалтай байвал болно гэж боддог хүн биш учраас бид аз жаргалтай байж нийтээрээ, нийгмээрээ сайхан болно.

-Та ямар төсөл дээр ажиллаж байна вэ, хийх гэж ажлынхаа талаар дэлгэрэнгүй яриач?

-Ирэх сард “Тара вишн”  хөгжлийн академиа нээх гэж байна. Нэрнээсээ эхлээд тайлбарлахад “Тара” гэдэг нь ногоон дарь эх гэсэн үг. Манай эмэгтэйчүүд ногоон дарь эх шиг амгалан тайван, нигүүлсэнгүй, энэрэнгүй хүмүүс шүү дээ. Энэ академиараа нийт гэр бүлийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйлс хийнэ. Манай академи хувь хүн рүү, гэр бүл рүү, эмэгтэйчүүд рүү, ээжүүд рүү, эцэг эхчүүд рүү чиглэсэн сургалтыг явуулна. Сургалтын баг нь сэтгэл зүйч, докторууд, урлагаар сэтгэл засалчид гээд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн. Бага насны хүүхдүүдийн эрхийг хамгаалахын тулд эцэг, эхчүүд хүүхдүүддээ цаг гаргах чухал байна. Хүүхэдтэйгээ яаж харьцах, харилцааны ямар, ямар хэлбэрийг та эзэмшсэн байх ёстой юм.  Эдгээр чадварыг эзэмшсэн байж хүүхдүүдээсээ юу хүсэх ёстой юм гэдэг тал дээр хөтөлбөр боловсруулаад сургалтуудаа явуулж эхэлнэ. “Тара вишн”  хүмүүнлэгийн агентлагаас  “Шүүдрийн дусал” сайн үйлсийн аяныг тогтмол хийж эмчилгээний зардал нь хэрэгтэй хүмүүст тусалсаар ирсэн. “Тара вишн”  манлайллын клубээс хүүхдийг манлайлалд хөтөлдөг. Мөн хүүхэд, эцэг, эхчүүдтэй өдөрлөг зохион байгуулж сэтгэл зүйч зөвлөгөө өгдөг цогц ажлыг явуулна.

-Та “Хөөрхөн дэлхий” ТББ-аараа 10-аад жил овоглож, олон ч ажлыг хийсэн байх. Энэ талаараа дурсвал?

-“Хөөрхөн дэлхий” ТББ олон хүүхдэд хүрч ажилласан. Тухайн үед ганц бие, хүүхэдгүй ч байж. Хүүхдэд хаана, юу хэрэгтэй байна тэр бүхэнд очиж материаллаг талаас нь ч, сэтгэл зүйн талаас нь ч тусалдаг байж. “Хөөрхөн дэлхий” ТББ-аараа дамжуулаад “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтраад 20 мянган өнчин, ядуу хүүхдийн төсөл дээр ажиллаж байсан. Тэр цагаас хойш өөрийгөө хүүхдүүдтэй ажиллахдаа аз жаргалтай байх юм байна гэдгээ мэдэрсэн. Хүүхдийн харцнаас гуинг, баяр бүгдийг уншиж болдог. “Хөөрхөн дэлхий” ТББ маань үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа. Анх 200 мкв талбай түрээслээд ажлаа эхэлж байсан бол одоо өөрийн гэсэн байртай, офисстой болсон. Тэнд ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нар ажиллаж, зорилтот бүлгийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дугуйланд хамруулж байна.

-Олныг манлайлж явахад өөрийгөө эхлээд хөгжүүлэх шаардлага тулгардаг. Энэ тал дээрээ хэрхэн ажиллаж байна вэ. Мөн амжилт гэдэг таны бодлоор юу вэ?

-Тийм шүү. Саяхан би урлагаар хүүхдийн сэтгэл зүйг засах мэргэжлийн арга техникийг суралцсан. Мөн “live coatch” буюу амьдралын дасгалжуулагч болсон. Хүмүүс авч ажиллуулахдаа гол нь биш өөрөө мэдлэгтэй, мэдрэмжтэй байгаад , өөрөө хүмүүстэйгээ гардаж ажиллахыг хүсэж байна. Одоо үед хүмүүс барилга байшин барьлаа гэхээр юм хийлээ гэж үнэлдэг болж. Гэтэл бид нүдэнд харагдахгүй зүйлд анхаарах цаг болсон. Хүүхэд чинь хайраар дутаж байна уу гэдгийг мэдэрч хайраа түгээ. Саяхан нэг УИХ гишүүн “Та амжилтанд хүрэхийн тулд гэр бүл, үр хүүхдээ хэсэг хугацаанд золиослох хэрэгтэй” гэж байхыг сонсоод гайхсан.  Хэрэв та бүхнээ золиослоод амжилтанд хүрлээ гэхэд алдсан хайр, цаг хугацаа, хоосон орон зайг нөхөх гэж маш их цаг зав гаргах шаардлагатай болно.  Бүх зүйл тэнцвэртэйгээр явагдаж байж амжилт өөрөө ирдэг. Амжилт гэдэг бол материаллаг зүйл биш таны үр хүүхэд хэр сэтгэл хангалуун, зөв хүн болж өсөж байна, та бусдын төлөө хэрхэн юу бүтээв гэдгээр л тодорхойлогдоно. Мөн хүүхдийнхээ эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж чадаж байна уу, сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж чадаж байна уу гэдэг нь таны амжилтын нэг хэмжүүр юм уу гэж боддог.

-Дэлхийн хаа нэгтээ 10 минут тутамд өсвөр насны нэг охин хүчирхийллийн улмаас амиа алдаж байдаг гэсэн судалгаа байдаг. Сүүлийн үед гараад байгаа хүчирхийллийн гарах болсон нь юутай холбоотой гэж та боддог вэ?

-Энэ үзэгдэл нийгэмд байсаар ирсэн. Үүнийг байх ёстой юм шиг хүлээж авч байгаад л учир байна. Жишээ нь цахим орчинд муу муухай мэдээллийг түгээх нь муу зүйлд чих дасаж, сэтгэл зүрх дөжирдөг юм байна. Муу муухай мэдээллийг олноороо шуураад дэвэргэх нь нэг талаараа төрийн удирдлагуудад хонх дохио болж өгдөг ч нөгөө талаараа сэтгэл зүйн тогтворгүй байгаа хүмүүст сэдэл өгдөг. Тиймээс энэ тал дээр олны танил хүмүүс маш хариуцлагатай,  ёс зүйтэй байх ёстой. Өөрсдийн хувийн амьдралын нууц,  гэр бүл салалт, араар тавилт гээд болж бүтэхгүй зүйлээ цахим орчинд дэлгэж хэмжээ хязгаараа давах нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байдаг. Өсвөр насны хүүхдүүд, оюутан залуус бүгдээрээ шүүлтүүргүй мэдээлэл авч байдаг учраас хариуцлагатай байх ёстой.

-Цаашид гэр бүлийн сайн сайхны төлөө ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Эхний ажил маань “Тод гэрэлтэх бүсгүй” ном маань байсан. Хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нөлөөллийн ажил өрнүүлж, өдөрлөг зохион байгуулж, 300-аад хүүхдэд номоо бэлэглэж тод гэрэлтэх замынх нь эхлэлийг тавьсан гэж боддог. “Тара вишн”  академиа нээснээр илүү далайцтай, урт хугацааны ажил эхлүүлэх учраас илүү үр дүн гарна гэдэгт илтгэлтэй байна. Энэ жилийн сонгуулиар биднийг төлөөлж гарсан УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Манай академиас бүх одонтой ээжүүдээс судалгаа аваад хүүхдийн эрхийн хуульд өөрчлөл оруулах саналыг эмэгтэй гишүүд рүү илгээнэ. Хүүхдэд ээлтэй, охидод айх аюулгүй эерэг нийгмийг бүрдүүлэхийн төлөө өөрийгөө бүрэн зориулна.

-Эцэг, эхчүүдэд хандаж юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Ямар нэг буруу зүйл болохоор өрөөл бусдыг буруутгадаг нь бидний дутагдал. Хүчирхийлэл үйлдэгдсэн айлын хөрш муу байлаа, төр муу ажиллаж байна, цагдаа ажлаа хийсэнгүй гэж буруутгана. Гэтэл хамгийн гол цөм нь эцэг, эхчүүд өөрөө байдаг. Хүүхдээ үл хайхрах хүчирхийлэл хийснээр хүүхэд нь аюулд учирсан гэдгийг ойлгох ухаан дутмаг байна. Гэр хорооллын айлуудаар явж байхад жаахан охид харж хандаж хүнгүй ганц нэгээрээ гүйж явдаг. Жаахан охид буруу сэдэлтэй хүний золиос болоход ямар ч хамгаалалт байхгүй явж байгаа нь өөрөө аюултай. Айл өрхийн гишүүн бүр, хөршийн холбоо, нийгмийн ажилтан, багш, төр гээд бүх л шатандаа хариуцлагатай байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ билгийн мэлмийг нээлттэй, ариун байлгахын тулд хүүхдээ үргэлж анхзаарч, ажиглаж, уудалж, ярилцаж байх хэрэгтэй байна. Тэр ч бүү хэл охин нь хүчирхийлэлд өртөөд, жирэмсэн болчихсон байгааг мэдэхгүй яваа эцэг, эхчүүд маш хариуцлагагүй, хар амиа бодсон улс гэж хатуухан хэлнэ. Хүүхдээсээ нэгхэн өдөр холдоход л харц нь өөрчлөгдөөд, бишүүрхсэн байдаг. Хүүхэдтэйгээ өдөрт 30 минут заавал ярилц, тогло, хамт бай. Хөвгүүдтэй эцэг, эхчүүдэд хэлмээр зүйл байдаг. Яагаад монгол эр хүний үнэлэмж доогуур орчихов оо. Түүх судлаад үзэхэд монгол хаадыг ухаант хатад залж чиглүүлж байсан. Тийм учраас ээж нар маань маш хариуцлагатай, ухаантай байх хэрэгтэй. Таны хүү бусдын охиныг хайрлаад халамжлаад явахын тулд тэр хайрыг эцэг, эхээсээ л үлгэрлэнэ. Эрэгтэй хүүхдийн сэтгэл зүй, хайрын хэл, хүсэл сонирхол, чиг хандлага ямар байгааг бүгдийг судал. Үүний тулд ном их унш. Хүүхдээ гэр бүлтэй болоход нь зааж, чиглүүлж, хамтдаа урагшил. Мөн эрэгтэй хүүхдийг хатуу өсгөх ёстой, зодуур нүдүүрийн ая даалгаж сургах ёстой гэсэн уламжлалт сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Зодуулж өссөн хүүхэд том болоод гэр бүлээ, үр хүүхдээ зоддог хүн болно. Хайраар өссөн хүн хэзээ ч хүнийг өвтгөдөггүй юм. Та бүхэн амьдралын төлөө маш их ажиллаж, ядарч байж болно. Энэ таны хүссэн амьдрал учраас үүрэг, хариуцлагаа өндөр ухамсарлах хэрэгтэй.

-Эцэг, эхчүүд маань амьдралын төлөө цаг наргүй ажилладаг болохоор нэг талаар буруутгах аргагүй ч юм шиг. Энэ байдлыг нийгмийн түвшинд цогцоор нь шийдмээр санагддаг?

-Тэгэлгүй яах вэ. Залуу гэр бүлийг нийгэм нь өдөр шөнөгүй ажиллахыг шаардаад зээлнээс зээлний хооронд амьдарч байгаа шүү дээ. Тиймээс эрх зүй, халамжийн бодлогын хувьд өөрчлөлт хиймээр байна.  Үүний тулд “Тара вишн”  академиас судалгааны баг гаргаад ажиллаж байна. Энэ судалгаа маань дараа, дараагийн өөрчлөлтөд нөлөөлнө. Таны болон бидний үр хүүхэд нэг агаараар амьсгалж, нэг цаг үед амьдрах учраас нэг нэгэндээ нөлөөлнө. Тийм учраас хүний, өөрийн гэлгүй адил тэгш хөгжих, хүмүүжих боломжийг олгомоор байна. Үндэс сууриар нь, нийтээр нь өөрчилж байж энэ хүчирхийлэл арилна. “Охидын эрхийг хамгаалах өдөр”-өөр ээжүүддээ, эмэгтэйчүүддээ уриалга дэвшүүлье. Алийн болгон болохгүй зүйлтэй эвлэрч, хүлцэн тэвчиж явах юм бэ. Гэр бүлийн хуулиа чангатгая. Гэр бүл салахад нөлөөлсөн хэн буруутай талд нь үүрэг хариуцлагыг нэмэгдүүлье. Гэр бүл болж буй залуу хосуудад мэдлэг мэдээлэл олгох газартай болгоё. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйг үнэлэх чадамжгүй ийм улсад амьдарч байгаадаа эмзэглэмээр. Ийм улсад хүчирхийлэл үйлдэгчдийн ял шийтгэлийг чангатгамаар байна. Олон улсад химийн аргаар тайган болгох, эсвэл бүх насаар нь хорих, охидод учруулсан хар толбоо арилгахын тулд хүүхдэд ээлтэй ажил хийлгэж өрийг нь төлүүлэх хэрэгжүүлмээр байна. Зарим оронд химийн тарилга тариад эхэлчихлээ. Энэ мэт хууль биелэллээ олохын тулд эмэгтэйчүүд бидний нэгдмэл,  хүчирхэг  чанар хэрэгтэй шүү.

-“Тара вишн” академи байгуулагдаад Улаанчулуутын хогийн цэг дээр байгаа хүүхдүүд, Нарангийн энгэрт байгаа хүүхдүүдэд хэр хүртээмжтэй байх вэ?

-Би “Хөөрхөн дэлхий” ТББ –ынхаа хүүхэд хамгааллын төвийг нийслэлийн дүүрэг бүрд байгуулъя гэдэг саналыг Ерөнхий сайдаас эхлээд бүх шатны дарга нарт хандаж байсан. Гэвч оронд нь тийм олон нийтийн арга хэмжээнд оролцоод өг гэх мэт зүйл хүсдэг. Би ямар ч төлбөр мөнгө авахгүйгээр бүх үйл ажиллагаанд нь сэтгэлээсээ оролцдог боловч хэргээ бүтээсний дараа бүгд нүүр буруулдаг юм билээ. Тийм учраас би энэ төвүүдээ хэнээс ч гуйхгүйгээр өөрөө хийнэ. Надад газар л хэрэгтэй байна. Төслүүд маань бэлэн болчихсон. Дүүрэг бүрд, алслагдсан газрын хүүхэд бүрд хүрч ажиллахын тулд төвүүдээ байгуулах шаардлагатай болно. Маш их хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа. Аливаа ажил бүтээхэд нам дагасан байх хэрэгтэй болдог. Нам дагах нь сүү шиг цагаан сэтгэлээр бүтсэн үйл хэрэгтэй минь тохирдоггүй.  Тийм учраас сүү шиг цагаан, цэвэр ариун зүрх сэтгэлтэй ээжүүдийн хамтын хүчээр нэгдмэл байж энэ ажлын ард гарна. Ээжүүд минь надтай нэгдээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top