10 настай Б.Мөнх-Амин охин “Эгч дүүс” номыг орчуулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

АНУ-ын комик зураач Рейна Телгемайерийн “Эгч дүүс” хэмээх комик номыг 10 настай Б.Мөнх-Амин охин орчуулан гаргасан байна. Рейна Телгемайерийн өөрийнхөө амьдралд тохиолдсон хөгжилтэй түүхийг комик зургийн аргаар өгүүлсэн “Эгч дүүс”  хэмээн энэхүү бүтээл нь бага насны охидын дунд ихээхэн алдартай юм. “Нью-Йорк Таймс”-ын бестселлерээр шалгарснаас гадна комик номын олон шагнал хүртсэн аж.

“Эгч дүүс” номыг Нийслэлийн “Сэлбэ” сургуулийн зургаадугаар  ангийн сурагч Б.Мөнх-Амин монгол хэл рүү орчуулжээ.

Анх энэхүү номыг Б.Мөнх-Амингийн ээж АНУ-аас найзаасаа авчирж өгчээ. Охин номыг нэг уншаад зогссонгүй дахин дахин уншсаар 50 гаруй удаа уншсан тухайгаа номын нээлтийнхээ үеэр хэлж байлаа.

Тэрбээр хоёр насны зөрүүтэй эмэгтэй дүүтэй. Тэд тоглоомоо булаацалдахаас эхлээд өдөрт хэд хэд муудалцаж, үл ойлголцох асуудлууд их гардаг байжээ.

Хэдийгээр дүүдээ хайртай ч ууртай, дураараа, харамч байдал нь түүнийг олонтаа бухимдуулдаг байж. Харин “Эгч дүүс” номыг уншаад дүү бид хоёрын асуудлыг шийдэх шиг болсон гэлээ. Яг өөртэй нь адил эгч, дүүтэйгээ ойлголцдоггүй хүүхдүүдэд маш чухал ном болохыг ойлгосон бөгөөд олон хүүхдүүдэд уншуулахыг хүсэн монгол хэл рүү орчуулахаар шийджээ. Уг номыг 8-16 насны хүүхэд бүр унших боломжтой.

Номыг орчуулсан Б.Мөнх-Амин дөрвөн настайгаасаа англи хэл сурчээ. Түүний аав П.Баярмагнай орчуулгыг редакторлаж, ээж Б.Баярсайхан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шог зураач С.Цогтбаяр номын зөвлөхөөр ажилласан байна. Б.Мөнх-Амин номынхоо орлогын тал хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аянд хандивлахаар болжээ.

Номын нээлтэд Б.Мөнх-Амин охины гэр бүл, сургууль, ангийн багш нар, найзууд нь хүрэлцэн ирсэн байлаа.

Хүндэт зочдын нэг, зохиолч П.Батхуяг Б.Мөнх-Амин охинд амжилт хүсэн, урмын үг хэлэхдээ, “10 настай хүүхэд англи хэлнээс ном орчуулж үеийн найзууддаа эгч дүүс бие биенээ ойлгож, хайрлах сэтгэлийг ойлгуулахыг хүсэн хүүхэд бүрийг унших боломжтой болгон ийнхүү хэвлүүлсэнд маш их бахархал төрж байна. Түүгээр зогсохгүй номын орлогоосоо сайн үйлсийн аянд зарцуулахаар шийднэ гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл юм. Би номын орлогоо нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг зохиолч тэр бүр сонсоогүй. Өнөөгийн цахимжсан, сошиалд амьдрах болсон цаг үед хүүхдүүд ном унших ямар чухал болохыг энэ охины жишээ тод харуулж байна. Өнөөдөр түүний орчуулсан ном хэвлэгдээд уншигчдын гар дээр ирж байгаад баяртай байна. Бас бахархаж байна.” гэлээ.

Номын орчуулсан  Б.Мөнх-Амин  охин хэлэхдээ, “Сайн орчуулга хийхийн тулд Монгол хэлээ маш сайн сурах ёстой гэдгийг ойлгосон. Англи хэл хэчнээн сайн мэддэг байлаа ч эх хэл рүүгээ хөрвүүлэн буулгахдаа үгээ зөв, оновчтой сонгох нь маш чухал. Тэгж байж сайн зохиолыг сайн орчуулж чадна. Ингэж чадвал номыг маань уншиж байгаа найзууд маань ч сайн ойлгоно шүү дээ. Тиймээс Монгол хүн эх хэлээ маш сайн сурах ёстой юм.” гээд анхны орчуулгын номоо орчуулж, хэвлүүлэн гаргахад тусласан хүн бүрт маш их талархаж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр дараагийн номын орчуулгаа эхэлсэн  аж. Рейна Телгемайерийн “Инээмсэглэл” хэмээх номыг орчуулж буй юм байна.

Рейна Телгемайерийн “Sisters” буюу “Эгч дүүс” ном нь дэлхийн утга зохиолын томоохон шагнал Eisner awards-ийг авсан  бөгөөд 117 долоо хоног буюу хоёр жилийн хугацаанд тасралтгүй “Нью-Иорк таймс”ын бестселлерээр шалгарч байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top