Засгийн газрын тогтоолоор бүтэн үлдсэн Тост, Тосон бумба дахин эрсдэлд орлоо

2020 оны 04 сарын 15

Монгол Улс байгалийн баялгаа оновчтой удирдахын тулд байгаль орчны асуудлыг хамгийн эхэнд тавих ёстой. Монголын төрд аль ч цаг үед, улс төрийн ямар ч нам хүчин засаглаж байлаа гээд ард иргэдийн амьдрах орчныг хамгаалан авч үлдсэн шийдвэрүүдийг гаргах ёстой гэдгийг зориуд эхэнд тэмдэглэе.

Өнгөрсөн олон жилүүдэд,  өнөөдөр ч Монгол Улс газар эхийн хэвлийгээс уудалж гаргасан баялгаар  хооллосныхоо хариуд байгаль орчныг доройтуулж, тэнцвэрт байдлыг нь алдагдуулсан, алдагдуулж буй баримт олон. Тэр баримт болгоныг  сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ил болгож, уул уурхайг хариуцлагажуулах асуудлыг байнга тавьж, төрийн холбогдох байгууллагуудын хийх ёстой ажлыг өмнөөс нь хийж, тавих ёстой хяналтыг өмнөөс нь тавьж өнөөдрийг хүрч байгаа билээ. 

Түүнчлэн Төрийн ордон дахь эрх баригчдын нүд, чихэнд тулгамдсан асуудлуудыг хүргэж, шийдвэрлүүлж чадсан нь ч бий. Тухайлбал, Тост Тосон бумын нурууг бүтэн үлдээх шийдвэрийг У.Хүрэлсүхийн удирдаж буй Засгийн газар гаргасан нь байгаль орчныг хамгаалах жишиг шийдвэр болсон юм. Тост, Тосон Бумбын нуруу, сав газрыг хамгаалж үлдэхийн төлөөх иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчдийн тэмцэл олон он жилийг туулсан замналтай.

“Сауд гоби коэл транс” ХХК  2018 оноос олборлолт хийж эхэлснээр Тост, Тосон Бумбын нуруу буюу говь нутгийн дэлхийд данстай байгалийн давтагдашгүй өв онгон дагшин байдлаа алдах аюулд бүрэн орсон юм. Тиймээс ч “Байгаль хамгаалах говийн иргэдийн иргэдийн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат тэргүүний иргэний нийгмийн байгууллага, нутгийн иргэд, ард түмэн хамтран үе шат дараатай, уйгагүй тэмцэж, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 14-ний өдөр Тост, Тосон Бумбын нурууг БҮХЭЛД НЬ улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг гаргасан нь Тост, Тосон Бумбын нурууны газар орныг, ан амьтдыг, иргэдийн амьдрах орчныг, уух уусыг “амьд” хэвээр нь амжиж авч үлдсэн шийдвэр болсон юм.

Тэгвэл Монголын төрийн энэхүү шийдвэрийг “Сауд гоби коэл транс” ХХК  эсэргүүцэн, Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь ил болоод байна. Бизнест ашиг орлого чухал ч байгаль орчинд эрсдэл, аюул учруулсан л бол төр Үндсэн хуулийн дагуу Монголын ард түмний нэрийн өмнөөс ШИЙДВЭР гаргах үүрэгтэй. Тост, Тосон Бумбын нурууг бүтэн үлдээх тогтоол бол Засгийн газар ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гаргасан шийдвэр юм л даа. Харин “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тухайд бол Тост, Тосон Бумбын нуруунд олборлолт үргэлжлүүлэн хийх л санаархалтай байгаа нь Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Н.Цагаанхүүд хандан гаргасан дараах тайлбараас ойлгогдож байна.

Тус компанийн тайлбарт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/Ш32019/7283 Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжийг хавсаргасан тухай дурджээ. Захиргааны хэргийн шүүхэд “Сауд гоби коэл транс” ХХК-ийн гомдлоор захиргааны хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл зургаан сарын дараа ил болж байна.

Мөн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн гомдлыг АМГТГ-ын дарга Х.Хэрлэнд  2019 оны наймдугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан гэдгээ мөн тайлбартаа дурджээ. Тэгэхээр “Сауд гоби коэл транс” ХХК-ийн эрх ашигтай холбоотой энэ  мэдээллийг ч төрийн холбогдох байгууллага НАЙМАН САР хав даржээ.

Тост, Тосон Бумбын нурууг хамгаалах шалтгаануудыг эргэн сануулах нь зөв биз.

“Де Нейче Консерванс” олон улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийхэд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд Тост, Тосон бумбын нуруу орсон байдаг.  Дэлхийд нэн ховор, тэр дундаа Монгол орны говийн бүсэд тархац нутаг нь хумигдаж буй цоохор ирвэсийн сүүлийн өлгий нутаг гэж тодотгож байв.

“Хүрээлэн” төслийн багийнхан Тостын нуруунд 22-25 ирвэс байгаа гэж 2014 онд  мэдэгдэж байсан билээ. Үүнээс нэг жилийн өмнө буюу   2013 онд цоохор ирвэстэй дэлхийн 12 орны Засгийн газар нэгдэн “Цоохор ирвэс хамгаалах дэлхийн стратеги” төлөвлөгөө боловсруулж, дагаж мөрдөхөөр Бишкекийн тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ.

Энэ төлөвлөгөөний хүрээнд дэлхийн хэмжээнд 20 бүс нутгийг хамгаалах шийдвэр гарч бүс нутгуудыг сонгоход Тост, Тосон Бумбын нуруу болон тодорхой бүс нутгийг хамарсан говийн бүс нутаг нэгээр нь сонгогдсон байдаг. Тост, Тосон Бумбын нурууг хайрлаж, хамгаалах шалтгаан зөвхөн Өмнөговь аймгийн иргэдэд байгаа хэрэг биш дэлхийд байгаа юм. Тиймээс ч Тост, Тосон Бумбын төлөөх тэмцэл хийгээд шийдвэр  ЖИШИГ болж үлдэнэ гэдгийг өмнө нь бичиж байв.

“Сауд гоби коэл транс” ХХК  2018 оноос олборлолт хийж эхэлсэн гэдгийг эхэнд сануулсан. Тиймээс “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Уугуул” хөдөлгөөн, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ хамтран 2019 оны долоодугаар сарын 29-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болсон “Тост, Тосон бумба” анхдугаар шатны хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд Тост, Тосон Бумбын нурууны хилийн цэсийг баталсан 2017 оны  Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг хүчингүй болгох замаар, УИХ-аас анхлан баталсан 936 мянган га газрыг бүхлээр нь хамгаалалтад авах шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглан явуулахад санал нэгдсэн билээ.

Улмаар хоёрдугаар шатны Үндэсний хэлэлцүүлэг 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд болж, Монголын төр засаг, холбогдох байгууллагууд сэрэх, сэхээрэх цаг хэдийнэ болсныг бататгасан баримт, мэдээллүүдийг оролцогчид хэлж, ярьж, учирлаж, бухимдаж, уудлаж, эцсийн дүндээ эх байгалийнхаа төлөө эв санаа нэгтэй урагшаа харж, шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдэцгээж байв.  Түүнчлэн Үндэсний хэлэл­цүүлгийн дараа Монголын төр Тост, Тосон Бумбын нурууг хамгаалалтад авсан шийдвэрийг албан ёсоор гаргасан учраас энэхүү үйл явдлыг  тодотгож байна.

Ерөнхий сайдын  өгсөн үүрэг чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Сауд гоби коэл транс” компанийн эзэмшдэг 17038219036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр цуцлах шийдвэрийг гаргасан юм.

Энэ шийдвэрийг гарахаас өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосон Бумбын нуруунд ашигт малтмалын олборлолт хийж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой асуудлаар УУХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзахдаа хэлсэн үгнээс эшлэн хүргэе.

Тэрбээр “Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж буй зарим олигархи Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурван тэс сумын иргэд газар нутгаа хамгаалж уйлаад ирж байна. Тэд төрөөс юм гуйгаагүй. Энэ бол зөвхөн газар нутгийнхаа онгон дагшин байдлыг хамгаалж үлдэх гэсэн ард түмний сэтгэлийн илэрхийлэл. Ард түмэн ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Би үүнийг анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байна. Ерөнхий сайдын хувьд би энэ асуудлаар 2-3 удаа үүрэг даалгавар өгсөн. Холбогдоод буй УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орны газар сэндийчиж, ард түмнийг бухимдуулаад, хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй байх гэж бодож байна. Олигархиуд албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролдож байна. Тагнуул, цагдаагийн дарга та нар харж байгаа байх. Хэлэлцүүлэг дээр н.Нямдаваа гэдэг хүн энэ уул уурхайн үйл ажиллагааг зогсоох гэж хөөцөлдөхөд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж ярьж байна. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаж байхад яагаад шалгахгүй байгаа юм. “Сауд гоби коэл транс” ХХК-д лиценз өгсөн бичиг баримт хуурамчаар үйлдэгдсэн байна. Яагаад энийг олж харахгүй байна вэ, БОАЖ-ын сайдаа, УУХҮ-ийн сайдаа, Тагнуул, Цагдаагийн дарга нараа. Хэрэг үүсгэж шалга. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдрийн дотор шийдвэр гаргаж, лицензийг нь цуцла. Аваачаад тавьчихсан байгаа машин, техник хэрэгслийг нь Цагдаагийн дарга та өөрөө газар дээр нь очин ажиллаж журамла. Ард түмэнд авлига өгөх гээд буйг шалга, Тагнуулын дарга аа. Хууль бусаар олборлолт хийсэн “Сауд гоби коэл транс” ХХК-иар нөхөн сэргээлт хийлгэ. Хэрвээ энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг. Хууль зөрчсөн “Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоо. Тост, Тосон Бумбын ордыг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд ав. Ингээд одоо ажилдаа орцгоо" гэсэн юм. Засгийн тэргүүний өгсөн чиглэлийн дагуу наймдугаар сарын 12-ны  өдөр “Сауд гоби коэл транс” ХХК-ийн мэдэлд байсан лицензийг цуцлаж, наймдугаар сарын 13-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговь аймгийн Гурван тэс суманд очин “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцласан шийдвэрийг танилцуулж, үйл ажиллагааг зогсоов. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус байгууллагад ашиглаж байсан тоног төхөөрөмж, хэрэгслийг битүүмжилж, лацдаж, цагдаагийн байгууллага уурхайн амыг хааж, тусгай зөвшөөрлийн талбайг хамгаалалтад авсан юм.

“Сауд гоби коэл транс” компанийн тухайд хайгуулын лиценз авахаасаа эхлээд  өдийг хүртэл Монгол Улсын хууль тогтоомжуудыг гишгэлсэн олон үйлдэлтэй. Төр засгийн байгууллагуудын зарим нь тус компанийн өмнө хүчин мөхөсдөж байсан үүх түүх бий ч Монголын төр 2019 оны наймдугаар сард чухал шийдвэр гаргасан.

“Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг хянаж, шалгасны үндсэн дээр лицензийг нь цуцлах бүрэн үндэслэл байна гэж үзсэн юм. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын “А 420” тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан юм. Ажлын хэсгийн дүгнэлтээр тус компани уул уурхайн стандарт, норм журмыг биелүүлээгүй, төлөвлөгөөт бичиг баримтыг бүрдүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа  явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг ноцтой зөрчил илэрснийг үндэслэн,  Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн шийдвэр гарсантай холбогдуулан ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлав. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ “Энэ  бол хууль мөрдөж ажилладаггүй компаниудад сануулга болсон үйл явдал боллоо. Цаашид Нарийн сухайтын бүлэг ордыг түшиглэсэн 34 лиценз дээр шалгалт оруулах бөгөөд хууль зөрчсөн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно”  гэж байв.

Уул уурхай эрхлэхдээ хуулийг гишгэлдэг, байгаль орчинд ноцтой хор хохирол учруулдаг компаниуд лав л энэ засгийн үед хууль ёс байдаг гэдгийг санах, сэрэх хэрэгтэй болж буйг дахин сануулъя.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бааги(139.5.217.208) 2020 оны 04 сарын 15

Цуцалсан бол одоо шууд хөөж гарга монголд дахиж бүү оруул тэгээл болоо хөрөнгө оруулагч нэртэй бузарын гадаад компануудыг сайн харж хянаж байх ёстой юм бн бараг бүгд монголын баялагыг цөлмөх , дээрэмдэх зорилготой

1  |  0
Irgen(192.82.73.88) 2020 оны 04 сарын 15

Mandakhbayaraa chi bolioo. Uuruu gazar uhdag bj. Davhar uuruu ner dewshih gd ingeed bgaad irgediig teneg gej bdod bnuu?

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2020 оны 04 сарын 15

ТЭР САНААРХААД БАЙГАА ЧОЙЖИЛСҮРЭНД УЧИР БАЙНА. ТҮҮНИЙГ ДАЛД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ч ЮМ УУ. ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ НОВШ ВЭ. ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. НУХЧИХ ЮМСАН

1  |  0
Zochin(202.9.40.51) 2020 оны 04 сарын 15

Mandahbayraa songuuliin shantaajaa bolio hedii boltol ingeh gsn yum be ehleed ooriihoo asuidliig shiideechee uul uirhaigaa tsegtsel chi bl uls tord garna gj hudlaa shvv neeree hudlaa hudlaa amlalt ogool neh l ihtsemtsegch hvn

0  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 15

Наад нэг компаниа бүрмөсөн устгачихаач тгээд л болоо юм биш үү. Ирвэс судлаач байгал хамгаалагч залууг наадуул чинь алсан биз дээ одоо устгаа

2  |  0
zochin(66.181.188.139) 2020 оны 04 сарын 15

hiih yumaa olj ydsan yum. ali ert bolood umgursun hergiig suhuj ntr hhhe songuuli oirtood bugd l yaj hun dooshn hiih ve gj bodoj ywdiin bzdee

0  |  0
Гэрэл(202.131.245.154) 2020 оны 04 сарын 15

Ингэж удахыг бодоход шүүх нь хээл хахуулаа авчихаад наад компанийн талд штйдвэрээ яаж гаргах бэ гээд л байж байгаа.Хүмүүсийн анхаарал өөр зүйлд хандах үед л шүүх дайсны талд шийдвэрээ гаргана мөрийцсөн ч алдахгүй харж л байгаарай,

2  |  0
Bold (202.21.108.203) 2020 оны 04 сарын 15

Mandahbayriin site ingej ym oruulmaargu bnaa exleed ter mandahbayriigaa uurhaigaa xaachaad ym yri gj helee

0  |  0
zochin(150.129.141.55) 2020 оны 04 сарын 15

YASAN UKHAMSARLAJ OILGODOGGUY SHUNALYN KHOGIIN BERDUUD WE? SHUUKH CHINI MONGOL ULSYNKHAA ERKH ASHGIIN TALD GEJ ITGIE

1  |  0
зочин(202.55.191.194) 2020 оны 04 сарын 15

шүүхийн шийдвэрийг харж байя

2  |  0
Top