НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО энэ сарын 5-ны өдөр 14 улсын 14 газрыг шим мандлын нөөц газарт бүртгэсний дотор Монгол Улсаас Тост, Тосон бумын нурууны байгалийн нөөц газрыг бүртгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газар 2019 оны наймдугаар сарын 14-ний өдөр Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах тогтоол гарагсан юм. Тогтоол батлагдхаас өмнө 2019 оны долоодугаар сард “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Тост, Тосон бумба” анхдугаар шатны хэлэлцүүлгийг зохион байгуулж байв. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд Тост, Тосон бумбын нурууны хилийн цэсийг баталсан 2017 оны Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг хүчингүй болгох замаар, УИХ-аас анхлан баталсан 936 мянган га газрыг бүхлээр нь хамгаалалтад авах нь зөв гэдэг дээр оролцогчид санал нэгдсэн юм. Улмаар хоёрдугаар шатны Үндэсний хэлэлцүүлэг 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд болж, Монголын төр засаг, холбогдох байгууллагууд сэрэх, сэхээрэх цаг хэдийнэ болсныг бататгасан баримт, мэдээллүүдийг оролцогчид хэлж, ярьж, учирлаж, бухимдаж, уудалж, эцсийн дүндээ эх байгалийнхаа төлөө эв санаа нэгтэй урагшаа харж, шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдэцгээж байв.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог.
Тост, тосон бумбын нуруунд дэлхийд нэн хвор, тэр дундаа Монгол орны говийн бүсэд тархац нь хумигдаж буй цоохор ирвэсийн өлгий нутаг юм. Түүнчлэн Монгол орны улаан номд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, 7 зүйлийн шувууд, 10 зүйлийн ургамалтай. Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог. Иймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг билээ.
ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газарт шинээр бүртгэгдсэн газар орнууд:
Монгол – Тост, Тосон бумын нуруу
Албани – Шкодер нуур
Алжир – Тениет Эль Хад
Аруба – Аруба арал
Азербайжан – Их Кавказ
Камерун – Такаманда
Канад – Квебек хот
Иран – Даланкух-Камишлоу
Монтенегро – Скадар нуурын усны хагалбар
Парагвай – Сур дел Альто Парана
Филиппин – Матибай на Саблайан
Португал – Сьерра да Эстрела
Зүүн Тимор – Нино Конис Сантана
Вьетнам – Фонг На-Ке Банг

Сэтгэгдэл ( 0 )