Өнөөдөр 2020.02.11. Энэ оны 42 дахь өдөр бол он дуусахад 324 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 06 минутад мандлаа. 18 цаг 07 минутад жаргана.
Улаанбаатар үүлшинэ. Өдөртөө 2 хэм, шөнөдөө -15 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын шинжлэх ухааны салбарын эмэгтэйчүүдийн өдөр. Либерияд өнөөдөр Зэвсэгт хүчний өдөр бол АНУ-д Зохион бүтээгчдийн, Японд Үндэсний сангийн, Камерунд Залуусын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Испанийн дуучин, жүжигчин Хоселито, Америкийн инженер, сансрын нисэгч Ричард Мастраккио, дуучин, Грэммийн есөн удаагийн шагналт Шерил Кроу, жүжигчин Женнифер Энистон, дуучин, жүжигчин Келли Роуленд, Сара Батлер, Их Британийн жүжигчин Натали Дормер, Нидерландын хөл бөмбөгч Рафаэл Ван дер Варт, Япон, Хятадын дуучин, «Morning Musume» хамтлагийн гишүүн Жүн Жүн буюу Ли Чунь, Казахстаны бизнесмен, хамгийн залуу долларын тэрбумтан Өдилет Далабай зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:
1938 оны энэ өдөр “BBC Television” анхны шинжлэх ухааны уран зөгнөлт теле нэвтрүүлгийг гаргаж эхлэв.
1943 оны энэ өдөр Сталин ЗСБНХУ-д атомын бөмбөг бүтээж эхлэх тухай Улсын батлан хамгаалах хорооны шийдвэрт гарын үсэг зуржээ.
1970 оны энэ өдөр Японы анхны хиймэл дагуул “Осүми” тойрог замд оржээ.
1972 оны энэ өдөр эмирт улс Рас-эль-Хайма Арабын Нэгдсэн Эмирт улсын бүрэлдэхүүнд оров.
1980 оны энэ өдөр Владимир Меньшовын “Амьдрал нулимсанд дургүй” киноны нээлт болжээ. 1981 онд энэхүү кино «Оскар»-ын Гадаад хэл дээрх шилдэг кино болсон.
Энэ өдөр үс засуулбал өнгө зүс доройтно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай . Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Энэ өдөр худалдаа наймаа хийх, бизнес эхлэх, эд агуурс авах, зээл авах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, дарханы үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )