ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Өнөөдөр 2019.07.31. Монгол эх оронд маань нар 05 цаг 27 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 25 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр Польшт Төсөв санхүүгийн өдрийг тэмдэглэж байгаа бол Малайзад Дайчдын, Доминиканы бүгд найрамдах улсад Аавуудын өдөр, Иранд Үндэсний донорын өдөр, Конгод Хувьсгал эхэлсэн өдөр тохиож байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, найруулагч Лэйн Дэвис, Майкл Бин, Уэсли Снайпс, Английн зохиолч Жоан Кэтлин Роулинг, Италийн хөлбөмбөгч Антонио Конте, Оросын хоккейч Евгений Малкин, Баларусийн теннисчин Виктория Азаренко зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1954 оны энэ өдөр БНМАУ-ын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Ардын төв засгийн газрын Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-д айлчлал хийжээ. Энэхүү айлчлал нь БНМАУ-д хийсэн анхны гадаад орны Засгийн газрын тэргүүний айлчлал байв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1925 оны энэ өдөр Английн уурхайчдын ажил хаялт тэдний ялалтаар төгсжээ.

1938 оны энэ өдөр Хасан нууранд Зөвлөлт-Японы тулаан эхэлж байв.

1946 онд Швед, Норвеги, Дани улсууд “SAS” нислэгийн компанийг үүсгэн байгуулжээ.

1956 оны энэ өдөр Москвад Лужникид В.И.Лениний нэрэмжит төв стадион бий болов.

1958 оны энэ өдөр Ливаны армийн ерөнхий командлагч, генерал Фуад Шехаб тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1965 оны энэ өдөр Их Британид зурагтаар тамхи сурталчлахыг хориглов.

1992 оны энэ өдөр Гүрж НҮБ-д элсэв.

2006 оны энэ өдөр Фидель Кастро засгийн эрхийг дүү Раул Кастродоо түр шилжүүлэн өгчээ.

Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно гэж дорнын зурхайд буужээ. Үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд таатай. Харин могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуган сэргээх, газар, лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарахад сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Хол газар явах гэж байгаа бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top