Өнөөдөр 2019.07.29. Монгол эх оронд маань нар 05 цаг 25 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 17 градус, бороотой. Та шүхрээ аваад гарахаа мартуузай.
Өнөөдөр Бар хамгаалах олон улсын өдөр юм. Тайландад өнөөдөр тай хэлний үндэсний өдөр бол Молдавд Үндсэн хуулийн, Румынд Төрийн дууллын, Украинд Тусгай ажиллагааны хүчний өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Английн жүжигчин Дэвид Уорнер, Румыны хөлбөмбөгч, дасгалжуулагч Мирча Луческу, Америкийн жүжигчин Лесли Истербрук, Оросын хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Игорь Крутой, гимнастикч, олимпын таван удаагийн аварга Нелли Ким, Мексикийн жүжигчин, дуучин Тоньо Маури, Америкийн жүжигчин Стивен Дорфф, Жош Рэднор зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлуудаас дурдвал:
1967 оны энэ өдөр Америкийн хит парадыг «The Doors» хамтлагийн «Light My Fire» дуу дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлжээ.
1974 оны энэ өдөр ЗСБНХУ-ын Улсын аюулаас хамгаалах хорооны дарга Юрий Владимирович Андропов терроризмтой тэмцэх «Альфа» гэх багийг бий болгов.
1979 онд Аргентин, Их Британи улсууд элчин төлөөлөгчийн түвшинд дипломат харилцаагаа сэргээжээ.
1981 оны энэ өдөр Лондонд Английн хаан ширээ залгамжлагч, ханхүү Чарльз, Диана Спенсер нарын хурим болж байлаа.
Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн. Хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд таатай. Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн бол газар хагалах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Хол газар явах гэж байгаа бол урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )