Хэвлэл мэдээллийн зөвлөл 104 бүтээлийг ёс зүйн алдаатай гэж дүгнэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

Хэвлэл мэдээллийн зөвлөл 2015 оны дөрөвдүгээр сараас сэтгүүлчдийн бүтээлд ёс зүйн алдаа гаргасан тухай иргэний гомдлыг тухайн редакцийн нэрээр хүлээн авч эхэлсэн.

Тус зөвлөлөөс өнөөдөр /2018.10.04/ зарласан Хэвлэлийн бага хуралд сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны дарга, доктор, профессор Ж.Батбаатар, Радио, телевизийн ёс зүйн хорооны дарга, хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар оролцсон юм.

2018 оны хоёрдугаар улирлын байдлаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хоёр Ёс зүйн хороонд 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 160 редакцид хаягласан гомдол иржээ.

Нийт гомдлын 83 хувь нь хэвлэмэл болон цахим бүтээлтэй холбоотой, 17 хувь нь телевизийн бүтээлд хамааралтай байна. Гомдол гаргагчдын 18 хувийг төрийн байгууллага, албан хаагч эзэлжээ.

Ингээд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороод 104 бүтээлийг ёс зүйн алдаатай, 23 редакцийг ямар нэгэн алдаа гаргаагүй, ёс зүйн хэм хэмжээг баримталж ажилласан гэж дүгнэжээ.

Иргэд нэр төрд халдсан, гутаан доромжилсон, зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тараасан гэж редакцийг буруутгаж, гомдол гаргадаг бол сэтгүүлчид бүтээлээ нягталж шалгадаггүй, баримтаар баталгаажуулаагүй зэрэг нийтлэг алдаа гаргадаг байна.  

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс редакцийн сургалтыг 10, Олон улсын экспертийн удирдсан гишүүдийн сургалтыг ес, иргэдэд зориулсан сургалтыг зургаан удаа зохион байгуулж,  Хөвсгөл, Дорноговь, Увс, Дорнод, Орхон, Өмнөговь аймгийн сэтгүүлчдэд зориулсан сургалт хийжээ.

 Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top