Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулахаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Төслийг хэрэгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, түүнчлэн 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол улсын Засгийн газарт олгох юм байна. Мөн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа аж. Энэхүү зээл нь 15 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 3 жил байх бөгөөд төслийн хүрээнд зээлийн санхүүжилтийн хамт олгож буй буцалтгүй тусламжийн санхүүжилтийг оруулан тооцоолоход зээлийн хөнгөлөлтийн түвшин /ОУВС-ийн тооцооллоор/ 43.06 хувь байгаа нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа аж.
Улаанбаатар хотын хүн амын өсөлтөөс хамааран үүсэж буй хог хаягдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, ойрын ирээдүйд хогийн цэгүүд дүүрэх, даац хэтрэхээр байгаа юм. Мөн барилга, байгууламжийн нураалтын хог хаягдал зохицуулалтгүй хаягдаж, цаашид хуучны барилга байгууламжуудыг нураахад хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал дахин үйлдвэрлэх, байгаль орчны бохирдлоос сэргийлэх шаардлага үүсээд буй. Иймээс энэхүү төслийн хүрээнд Евролын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг ("ландфил") болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барихаар төлөвлөж байгаа аж. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга болон барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалтыг бий болгох ажлууд төслийн хүрээнд хийгдэх юм байна.
Уг төслийг хэрэгжүүлснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэхийн зэрэгцээ хог хаях цэгүүдийн хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэгдүүлэхээр тооцжээ. Мөн Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хий (С02)-н хэмжээг бууруулж, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг олон улсын жишигт нийцүүлэн ангилж боловсруулан дахин ашиглах боломж бүрдэх аж.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
BUYN BOLJ AJLIIN BAIR BII