Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн ирэх 05-ны өдөр жагсаал зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн УИХ-аар Оюутолгойн асуудлыг хэлэлцэхгүй болсонтой холбогдуулж энэ сарын 05-ны өдөр Сүхбаатарын талбайн баруун хэсэгт бүх ард түмнийг цуглахыг шаардлаа. Тус хөдөлгөөнд нэгдэн орсон 10 гаруй ТББ-ын төлөөлөл Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт Оюутолгойн асуудлаар энэ намрын чуулганаар сонсгол явуулахыг хүсэхэд, чуулганы хэлэлцэх асуудалд багтаана гэж бичгээр мэдэгджээ. Харин энэ талаар дахин бичгээр лавлахад аравдугаар сард хэлэлцэх асуудалд багтаагаагүй гэж мэдэгдсэн байна.

“Үндсэн хуульд заасан эрхээ ард түмэн эдлэх ёстой. Хэрвээ эдэлж чадахгүй бол энэ УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ тарах ёстой. Одоогоор 10 гаруй мянган хүн УИХ-ыг тараах ёстой гэж үзэн гарын үсэг зурсан. Хэрэв энэ сарын 05-ны өдөр гэхэд УИХ-аар Оюутолгойн асуудлыг хэлэлцэж, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан сонсгол хийхгүй бол бид тэмцэх болно. Тиймээс нутаг ус, байгаль орчны төлөө тэмцдэг иргэний нийгмийн байгууллага, ард түмнийг энэ сарын 05-ны өглөөний 09:00 цагт Төрийн ордны баруун талд ирэхийг уриалж байна” гэж Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний зохицуулагч Б.Эрдэнэбаяр ярьсан юм. 

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийхөн өнгөрсөн зургадугаар сараас эхлэн төрийн гурван өндөрлөгтэй уулзаж гурван заалттай шаардах бичиг өгчээ. Уг шаардах бичигт Оюутолгойн гэрээг нэн даруй цуцалж 51 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр тараах, Оюутолгой компани байгалийн гүний усыг бус саарал ус ашиглахыг шуурхайлах зэргийг тусгасан байжээ. Хэрэв энэ сарын 05-ны өдөр гэхэд Оюутолгойн талаар сонсгол явуулах шийдвэр гаргахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ хөдөлгөөнийхөн сануулсан юм.

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнд 10 иргэний нийгмийн байгууллага нэгдсэн тул Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг УИХ-д суудалгүй нам, иргэний нийгмийн байгууллагуудыг Сүхбаатарын талбай дээр ирэхийг уриалжээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.24.42) 2025 оны 03 сарын 13

Оюутолгойг их хурлаас шалгаад байсан. 5-с өмнө тайлангаа тавьж чадахгүй бол жагсаалд оролцоноо. Цааш тэсэхгүй нь ээ....

1  |  0
Top