Ц.Дуламсүрэн: Дэлхийд нэрээ дуурсгасан тамирчин болно

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд болсон Азийн хүүхдийн VIII их наадмын жүдо бөхийн төрлөөс алтан медаль хүртсэн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн 11А ангийн  сурагч Ц. Дуламсүрэнтэй товч ярилцлаа.

-Азийн Хүүхдийн их наадмын аварга болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.  Жүдо бөхийн тэмцээнд охидын 44 кг-д Монголын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглэсэн. Үнэхээр сайхан санагдаж байлаа. Энэ жинд би аваргалж, мөнгөн медалийг Г.Нандинцэцэг, хүрэл медалийг Д.Сарантуяа хүртсэн. 

-Жүдогийн багийн бүрэлдэхүүнд хэдэн дасгалжуулагч, тамирчин багтсан бэ. Ямар амжилт үзүүлэв?

-Манай багийнхан 47 тамирчин, таван дасгалжуулагчаас бүрдсэн. Монголын баг нийтдээ спортын 11 төрөлд 320 хүүхэдтэй оролцсон. Жүдочдоос алт, мөнгөн медаль тус бүр 14, хүрэл медаль 12-ыг хүртсэн. Нийт тамирчдаас хамгийн олон медаль хүртсэн төрөл нь байх.

-Цаашдаа мэдээж өндөр зэрэглэлийн тамирчин болох хүсэл мөрөөдөлтэй байх?

-Дэлхийн дэвжээнд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, төрийн  далбаагаа мандуулж байгаа ах, эгч нараараа бахархаж, тэдэн шигээ тамирчин болохыг хүсдэг. Би айлын отгон охин. Сая Азийн хүүхдийн их наадмаас  алтан медальтай ирэхэд ээж, аав, ах, эгч, багш, найз нөхөд маань их баярласан. Нэртэй тамирчин болохын хамт хуульч мэргэжил эзэмшихийг  мөрөөддөг.

-Шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэлд гарах завшаан тохиолдоно биз?

-Үндэсний шигшээ багийнхан дээрээ 1-2 удаа очиж хамтарсан бэлтгэл хийсэн. Жүдоч ах, эгч тамирчдаа бүгдийг нь хүндэлж явдаг.

-Өөрөө Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багт харьяалагддаг, тийм үү?

-Тийм. Жүдо бөхөөр хичээллээд гурван жил болж байна. Улаанбаатар хотын 2017 оны аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2017 онд  мөнгөн медаль, 2017 онд Якутад болсон Азийн хүүхдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн. 2017 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, энэ онд Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилттай явна.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.43) 2025 оны 03 сарын 13

5  |  0
Top