Багш нарын үндсэн цалин дээр ямар нэмэгдлүүд нэмэгддэг вэ

2018 оны 09 сарын 14

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 68 сургууль, 18 цэцэрлэгийн багш хугацаагүй ажил хаялт хийгээд байна. Харамсалтай нь энэ асуудлын хоморгонд хүүхдүүдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байна.

Цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж буй тэдний хүсэл сонирхол үнэндээ бодит байдал дээр боломжгүй гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Хэрвээ өнөөдрийн жагсаалын дуулианаар “цалин нэмэх” шийдвэр гаргавал асуудлыг шийдэх бус эсрэгээрээ улс орны эдийн засгийг хүнд нөхцөл байдалд оруулах нь гарцаагүй.

Монгол Улсын Засгийн газар энэ оны 9-р сарын 1-нээс багш, сувилагчдын цалинг 8-12,3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Нийтдээ 74,912 багш ажилчдын цалин нэмэгдэж байгаа бөгөөд 8 хувийн нэмэгдэл нь 42 мянган төгрөг, 12.3 хувийн нэмэгдэл нь 75 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Мөн 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс дахин цалинг нь 15 хувиар нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай зөвшилцсөн бөгөөд нэмэгдүүлнэ гэдгээ ч Засгийн газраас мэдэгдсэн.

Тэгвэл бодит байдал дээр багш нар ямар цалин, нэмэгдэл авдгийг сонирхъё.

Багш нарын үндсэн цалин хамгийн бага нь 535 мянган төгрөг. Гэхдээ энэ нь ажилласан жил, албан тушаалын зэргээсээ хамаараад өөр өөрөөр нэмэгддэг гэдгийг тодотгоё.

Жишээлбэл, хамгийн бага үндсэн цалин буюу 535 мянган төгрөг авдаг багш нар засгийн газраас нэмэгдүүлсэн 8-12.3 хувийн нэмэгдэл нэмэгдээд үндсэн цалин нь 612.904 төгрөг болж байна. Үүн дээр багш нарт илүү цагийн мөнгө, тээврийн зардал, анги даалтын 10 хувь, дэвтэр засалтын мөнгө, кабинетын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 10-15 хувь, мэргэжлийн зэргийн нэмэгдэл 10-20, хувь, зуны гурван сард амардаг ч 48 хоногийн  цалин нэмэгддэг, 5 жилд 1 удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдлүүд зэрэг бас ч гэж багагүй хэмжээний нэмэгдэл багш бүрт өөр өөрөөр цалин дээр нь нэмэгддэг байна.

Энэ бол зөвхөн багш нар ийм хэмжээний цалингаар ажиллаж байгаа дүр зураг биш бөгөөд бусад төрийн байгууллагын ажилчид ч ялгаагүй жишигтэй байгаа.

Иймд бодит нөхцөл байдлыг ухамсарлаж Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд багачуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих асуудалд эхлээд анхаарцгаая.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top