Хууль зүйн салбарын ”Гэрээ”, ”Өмгөөлөгч”, ”Хөрөг найруулал” ном уншигчдад хүрлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Монголын өмгөөлөгчдийн холбооноос "Гэрээ", "Өмгөөлөгч", "Хөрөг Найруулал" хэмээх номуудыг уншигчдадаа хүргэлээ.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, нийгэм, соёл, ахуйн хүрээнд янз бүрийн гэрээ, хэлцэл байгуулах нь улам өргөжиж байна. Гэрээний харилцаанд оролцогчдын цар хүрээ нэмэгдэж буй энэ үед танд эрхзүйн туслалцаа үзүүлэх зорилгоор "Гэрээ /үлгэрчилсэн загвар/" номыг хууль зүйн салбарынхан танилцууллаа. Тус номыг иргэний эрх зүйн харилцааны онцлог төрөл зүйлийг харгалзан 7 бүлэгтэйгээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн шугамаар шууд хуулбарлаж, хувилж болох хэлбэрээр хэд хэдэн удаа бэлтгэн гаргаж байсан төдийгүй өмнөх хэвлэгдсэн номоос зарим гэрээг хасч, нэлээд хэдэн гэрээг шинээр нэмж оруулсан байгаа аж.

Түүнчлэн Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” ХХН, Өмгөөллийн “Адвокат консалтинг” ХХН, Өмгөөллийн “Монгол элч Консалтинг” ХХН, Хууль зүйн академи хамтран “Өмгөөлөгч" эрх зүйн баримт бичиг гарын авлага, “Хөрөг найруулал” гэсэн номуудыг эрхэм уншигчдадаа өргөн барьж байгаа юм.


Энэ талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Монгол Улсад өмгөөлөгчдийн холбоо үүсч хөгжсөний 90 жилийн ойг хэдхэн хоногийн дараа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бид энэ 90 жилийн ойг бүтээлч байдлаар угтахаар бэлтгэж байна. 90 жилийн ойн үйл ажиллагаа зөвхөн өнөөдрөөр хэмжигдэхгүй, бүтэн жилийн хугацаагаар ярих юм. Өмгөөлөгчдийн холбоо бүтэн жилийн хугацаанд "Гэрээ /үлгэрчилсэн загвар/", "Өмгөөлөгч /эрхзүйн баримт бичгийн гарын авлага/", "Хөрөг найруулал" гэсэн гурван чиглэлийн номыг гаргаад байна. Тодруулбал "Өмгөөлөгч" ном нь өмгөөлөгчдийн эрх зүйн талаар дэлгэрэнгүй гаргасан ном. Энэ нь залуу өмгөөлөгчид болон судлаачид нар түлхүү хэрэгцээтэй ном болсон юм. Харин хоёр дахь ном нь бол Академич Ж.Амарсанаагийн удирдлага дор "Гэрээний үлгэрчилсэн загвар" гэсэн ном юм. Энэхүү ном нийт иргэддээ зориулсан. Өнөөдөр эрх зүйн өндөр хөгжилтэй орон болоод зах зээлийн энэ үед гэрээ хэлцэлгүйгээр ямар нэгэн ажил явуулах боломжгүй болсон. Хүн бүр өмгөөлөгчөөс очоод зөвлөгөө авах нь цаг хугацааны хувьд хүндрэлтэй. Иймд энэхүү номонд гэрээний бүх төрлийн үлгэрчилсэн загварыг бид оруулж өгөхийг хичээсэн. Гурав дахь ном бол 99 хүний хөрөг найраглалыг анхлан гаргасан "Хөрөг найруулал" юм. Урьд өмнө нь 99 хүний хөрөг найраглалыг нэг дор шингээсэн ийм бүтээл гарч байгаагүй юм. Энэ бүтээл бол хэдхэн хүнийх бус маш олон хүний хамтын бүтээл гэж ойлгож болно. Тухайлбал Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч Б.Болд-Эрдэнэ, М.Зулькафиль багш, "Өдрийн сонин"-ы сэтгүүлч гэх мэт маш олон хүний хөдөлмөр шингэсэн хамтын бүтээл юм. Магадгүй ирээдүйд та сайн өмгөөлөгч болохыг хүсч байвал энэ таны ширээний ном болж чадна. Хэрхэн өмгөөлөгч болох, энэ мэргэжлийн утга учрыг хэрхэн ойлгох вэ, өмгөөлөгчдийн үндсэн шинж чанарыг яаж өөртөө шингээх вэ гэх зүйлс энэхүү номонд байгаа юм. Мөн хөрөг найруулал номын гол онцлог нь нэг ч энгийн хүн энд багтаагүй. Өөрөөр хэлбэл энэхүү номонд багтсан 99 хүн бүгд чадварлаг өмгөөлөгчид юм. Хүний эрхийн манаанд зогсохын тулд эдгээр номууд бүгд чухал хэрэгцээтэй юм” хэмээн онцоллоо.

Б.АМИР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top