ЭМГЭНЭЛ: Нэрт дуучин Н.Төмөрхуяг тэнгэрийн орноо заларчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

Ард түмнийхээ дунд “гавьяат” болтлоо алдаршсан нэрт дуучин Намдагийн Төмөрхуяг есдүгээр сарын 12-нд өвчний улмаас таалал төгсөж, Монголын дууны урлагт хүнд гарз тохиолоо.

1980 оны сүүлээр монголын нийтийн дууны урлагт урт үстэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, ард түмний дуучин Намдагийн Төмөрхуяг билээ. Түүнийг өөрийн хэлэх гэснээ л хэлдэг, бодол цагаан, сэтгэл сайтай нэгэн гэж уран бүтээлч нөхөд нь үнэлдэг.

“Ухаарч амьдрах хорвоо”, “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Насны намар” гээд тоочоод баршгүй олон сайхан дуунуудыг нь өөр нэгэн дахин амьдруулж дууллаа ч эл хүмүүний дайтай хүний сэтгэлийг хөдөлгөх нь юу л бол. Тийм дээ ч ард түмэн түүнд хайртай байдаг, хайрласаар ч байх биз.

Тэрбээр 1952 онд Хэнтий аймагт соёлын ордны жолооч Намдагийн найман хүүхдийн нэг болон мэндэлжээ. 2014 онд буюу 18 жилийн дараа ард түмэндээ хоёр дахь уран бүтээлийн тоглолтоо толилуулж МУГЖ гэх эрхэм алдрыг хүртсэн билээ. Арай л хожуу авлаа даа гэсэн сэтгүүлчийн асуултад “Би ер нь шагнал урамшлыг оройтлоо гэж боддоггүй ээ. Тоодог ч үгүй, анзаардаг ч үгүй яваад л байдаг хүн” хэмээн хариулж байжээ. Уран бүтээлч хүн хэзээ ч шагнал авахын төлөө хөдөлмөрлөдөггүй гэдгийг үлгэр энэ биз ээ. Ум Сайн Амгалан Болтугай.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
U(103.26.193.207) 2025 оны 03 сарын 13

Eviidee

1  |  0
Top