Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга, Бүртгэл хяналтын төв, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1,3 дугаар хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шинээр томилогдсон болон, офицер, ахлагч бүрэлдэхүүнд орсон 80 алба хаагч Монгол улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагчийн тангараг өргөх ёслол”-ын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Иргэдийн амар амгалан амьдралын төлөө нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1,3 дугаар хэлтэс, нийслэлийн төв хэсгийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, цагдаагийн алба хаагчдыг соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй ЦЕГ-ын Сүлд чуулга, цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрлүүдийг олгодог Бүртгэл хяналтын төв зэрэг өөрийн онцлог чиг үүргийн дагуу ажилладаг цагдаагийн байгууллагын алба хаагчид “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, салхилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээхээ ёслол төгөлдөр батлан тангаргалаж байна” хэмээн ёс төртэйгээр тангараг өргөв.
Цагдаагийн алба хаагчдын хувьд энэхүү нэр төртэй албанд орж цагдаагийн жинхэнэ алба хаагч болж байгаа “Баярын өдөр” гэсэн хязгаардлагдмал утгаар бус Монгол түмний амар тайван, аюулгүй амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж, үүргээ чин шударгаар биелүүлэх эрмэлзлэл болоод зогсохгүй хэрэгтэй мөч ирж гэмээнэ түмнийхээ төлөө амиа золих эх орны эрэлхэг зоригтой охид хөвгүүд болсныг батлах утга төгөлдөр илэрхийллийн баталгаа гэж ойлговол зохино.

Хурандаа Л.Гаваасүрэн:
Тангарагийн баяр нь маш эртний уламжлалтай баяр шүү дээ. Хүннү гүрний үеэс улс гүрэн, овог аймаг, гэр бүл, ах дүүс эвтэй найртай байх гэж хоорондоо тангараг тавьж андгай өргөдөг байсан.
Тангараг өргөх ёслолыг зөвхөн цагдаагийн алба хаагчид биш, эмч, багш нар, төрийн албан хаагчид өргөдөг. Тэр дундаа цагдаагийн албан хаагчийн тангараг онцгой. Цагдаагийн алба хаагч нь шаардлага гарсан үед амь биеэ хайрлахгүй зүтгэнэ гэж тангарлагадаг. Хэрэгтэй цаг ирэхэд иргэд, ард түмнийхээ төлөө алтан амиа зориулж чадах тийм л өндөр агуулгатай тангараг өргөж байгаа хэрэг. Бусад тангарагууд амь биеэ зориулна гэж өргөдөггүй. Үүгээрээ онцлог.
Нөгөө талаар тангараг өргөнө гэдэг нь цагдаагийн алба хаагчийн хувьд төрийн жинхэнэ албан хаагч болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл би гэдэг бие хүн зөвхөн өөрийгөө мэдэх биш төр түмний хяналтан дор, олон нийтийн хүсэл эрмэлзэлд, олон иргэдийн сэтгэлд нийцэж ажиллах онцгой хариуцлага хүлээж байгаа хэрэг юм. Тийм учраас тангараг өргөхийн гол ач холбодол нь үүнд түмэн олны төлөө шударга зүтгэхэд л оршдог гэж хэлж болно.
“Монголын Цагдаагийн Сүлд чуулгын тухайд бол цөөхөн уран бүтээлчтэй, дийлэнх нь үлээвэр хөгжимчид. Мөн дуучид, бүжигчидтэй. Олон сайхан залуу уран бүтээлчид төрж гарсан. Хамгийн том жишээ нь дуурийн дуучин Г.Ариунбаатар. Манай уран бүтээлчид олон улсын уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцож шагнал урамшууллын эзэд болцгоодог. Удахгүй хөдөө орон нутгаар аялан тоглолтоор явах гэж байна. Сүлд чуулгын хамт олон уран бүтээлийн арвин баялаг урын сантай болох, монголын ард түмэнд гоо зүйн боловсрол, мэдлэг, соёл олгох, урлагаар болон соён гэгээрүүлэх ажлаар дамжуулж тэдэнд хүрч үйлчлэхийн төлөө зүтгэн нэг зорилготой нэгдмэл хамт олон” гэж хэлсэн юм.

Мөн өнөөдөр тангараг өргөж буй Сүлд чуулгын албан хаагчаас сэтгэгдлийг нь сонслоо. Дэд ахлагч Ё.Дамчаабадгар: “Намайг Ё.Дамчаабадгар гэдэг. Би Монголын цагдаагийн Сүлд чуулгын бүжигчнээр ажилладаг. Өнөөдөр Эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэхээ тангаргалаж, цагдаагийн алба хаагч болж байгаадаа маш их баяртай байна.


Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )