Хилийн чанад дахь монголчууд болон “Соёлын элч”-үүд чуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

Гадаад харилцааны яамнаас энэ сарын 12-14-ний өдрүүдэд томоохон хоёр арга хэмжээг зохион байгуулах гэж байгаагаа хэвлэлийнхэнд дуулгалаа. Нэгдүгээрт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай хамтран хилийн чанад Монгол Улсын соёл урлагийг сурталчилдаг “Соёлын элч” нарын чуулга уулзалтыг 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулах бол хоёрдугаарт, “Хилийн чанад дахь монголчууд” Төрийн бус байгууллагтай хамтран хилийн чанад монголчуудаа төлөөлөн ажиллаж амьдардаг хүмүүс болон Төрийн бус байгууллагуудын чуулга уулзалтыг зохион байгуулах аж.

Өнөөдөр дэлхий дахинаа монголын соёл урлагийг сурталчилдаг “Соёлын элч” цолтон 39 байдгаас 21 нь энэхүү чуулганд ирж оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тус чуулга уулзалтаар зөвхөн “Соёлын элч” нарыг хооронд нь уулзуулаад зогсохгүй Монгол Улсын соёл урлагийн байгууллага, тэдний төлөөлөл, уран бүтээлчдийг өргөн хамруулахаараа онцлогтой. Энэ үеэр тэдэнд зориулсан үзэсгэлэн, уран бүтээлчдийн онцлогоос харуулсан арга хэмжээ, салбаруудын уулзалт тус бүрийг зохион байгуулаад өргөтгөсөн хуралдаанаар тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх гэнэ.

Харин хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалтад өнөөдрийн байдлаар 130 орчим гадаадад амьдардаг хүмүүсийн төлөөлөл бүртгүүлээд байгаа бөгөөд гадаадад амьдардаг иргэд, сурч буй оюутнуудад тулгамдсан асуудлыг Төрийн хэмжээнд авч үзэхээр төлөвлөжээ. “Хилийн чанад дахь монголчууд” Төрийн бус байгууллагаас урьд өмнө энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж, энэ хүрээнд олон асуудлыг цэгцлэхээр хэлэлцсэн нь өнөөдөр бодит ажил болсон нь цөөнгүйн зэрэгцээ Гадаад харилцааны яамнаас нэлээд оролцоотой ажилладгийг энэ үеэрээ дуулгасан юм. Тухайлбал, өнгөрөгч чуулга уулзалтаар гадаадад суралцагч оюутнуудад тулгамддаг асуудал, цахим сурах бичигтэй болох гэх мэт асуудлыг шийдвэрлэсэн байна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top