Монгол, Хятадын хүмүүнлэгийн харилцааг бататган, найрамдлаа зузаатгана

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 05

“Хятад орныг танин мэдэх” өдрүүд эхэллээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны соёл, аялал жуулчлалын өдрүүд есдүгээр сарын 4-8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Харин энэхүү тэмдэглэлт үйл явдлын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.09.05/ Үндэсний уран зургийн галерейд боллоо.

Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн үйл ажиллагааны гол зорилго нь хоёр улсын хоорондох хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай нэгдмэл ойлголт болон Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурлын үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэгдэх аж. Түүнчлэн манай улсын иргэд Хятадын соёлтой танилцах, хүмүүнлэгийн харилцааг бататгах болоод хоёр улсын найрамдлыг зузаатгахад оршиж байгаа юм байна.

Өдөрлөгийн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайминг, ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйганг, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албан газрын дэд дарга Лин Лиг нарын зэрэг эрхмүүд хүрэлцэж ирж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Ирэх жил үзэсгэлэнг илүү өргөн хүрээнд зохион байгуулна

 

 

Ирэх жил Монгол, Хятад улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэхүү ойн ажлыг угтсан арга хэмжээний хүрээнд ӨМӨЗО-ны төлөөлөгчид, “Соёл аялал жуулчлалын өдрүүд”-ийг Улаанбаатар хотод амжилттай эхлүүлж байна. 300 гаруй зочин хүрэлцэн ирсэн байгаа. Кино өдрүүд, Эрдэм шинжилгээний хурал, хоёр орны хамтарсан уран бүтээлчдийн тоглолт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн хүнсний чиглэлээр үйлдвэрлэл хийж байгаа үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн, яармаг нээгдэнэ гээд энэ хөтөлбөрийн хүрээ маань өргөн. Хамгийн гол нь соёлын биет бус өвийн үзэсгэлэн зохион байгуулагдахыг онцолж хэлмээр байна. Бид хоёр өөр улс боловч бидний дунд ижил төстэй зүйлүүд байгаа гэдгийг кино өдрүүд болон биет бус өвийн үзэсгэлэнгээр тодорхой харагдахаар байгаа. Нөгөөтэйгүүр энэхүү үзэсгэлэнд ӨМӨЗО-ны удирдлагуудын түвшний том бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн нь ирэх жил үзэсгэлэнг илүү өргөн хүрээнд зохион байгуулна гэж бодож байна. БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод соёлын өдрүүд үргэлжлэх юм. Мөн түүний дараа Хөх хотод Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг хийхээр төлөвлөөд байна.

 

ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян: Хятад улсаа Монголын ард түмэнд өргөн танилцуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ

 

 

Энэ удаагийн Хятад, Монголын аялал жуулчлалын өдрүүдийн үйл ажиллагааг БНХАУ-ын төрийн явдлын хороо, ӨМӨЗО-ны намын хороо, Засгийн ордон, Хятад улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас зохион байгуулж байна. Хятад, Монгол улсын удирдлагуудын хувьд ойр дотно харилцаа гүнзгий болж байгаа энэ явдлыг тохиолдуулж, Хятад улсаа Монголын ард түмэнд өргөн танилцуулах, сурталчлах зорилготойгоор манай үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ. Соёл, аялал жуулчлалын энэ өдрүүдэд нь Монгол Улсын яамдуудын дэмжлэгтэйгээр сайхан эхэлж байна. Энэхүү үйл ажиллагааг дэмжиж оролцсон бүх л байгууллагад талархал илэрхийлье. Мөн сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Манай Хятад орон ӨМӨЗО-нд айлчилж найрсаг, сайн хөршийн харилцаагаа улам батжуулья. Сайн сайхан мэдээллийг хамтдаа түгээж байхыг уриалж байна.

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин: Өвөрмонголын шилдгийн дундаас шилдгийг сонгож, Монголын ард түмэнд танилцуулъя гэж бодсон

 

Хятад, Монгол хоёр улс бол найрсаг сайн хөрш, сайн түнш. Бид нар энэ удаагийн соёл жуулчлалын өдрүүдэд манай Өвөрмонголын шилдгийн дундаас шилдгийг сонгож, Монголын ард түмэнд танилцуулъя гэж бодсон юм. Энэ төрлийн арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулж, хоёр улсын хоорондын хамтын үйл ажиллагааг улам илүү батжуулах зорилготой байна.  ӨМӨЗО-оос соёлын өдрүүдийн арга хэмжээнд 300 гаруй хүн ирсэн. Манай гадаад хэргийн сайд Ван И нь Монгол Улсад айлчлахдаа хамтын ажиллагааны гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичиг нь ирэх жилийн зохион байгуулагдах хоёр орны найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойд хамтарч ажиллах тухай юм.

 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр: Хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг дараагийн том шатанд гаргая

 

 

Энэ удаагийн соёл аялал жуулчлалын өдрүүд өмнөх жилүүдийнхээс илүү онцлогтой. Тодруулж хэлбэл, Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын есдүгээр форум энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Ер нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагаанд хэвлэл мэдээллийн салбарынхан томоохон байр суурь эзэлдэг. Өнгөрсөн есөн жилийн туршид бид найрсаг сайхан анд нөхөрлөлийг тогтоосон нь хоорондоо танилцах боломжийг өгсөн. Нэгдүгээрт, дараагийн 10 жилд бид илүү бодитой зүйл цогцлоосон, хамтарсан контент бүтээх, илүү их туршлага солилцох, контент солилцох гэх мэтчилэн хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг дараагийн том шатанд гаргая. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаа дэмжих, ялангуяа хүмүүнлэгийн, эдийн засгийн, соёлын хамтын ажиллагааг бид хэвлэл мэдээлллийн салбараараа дамжуулж дэмжих ийм боломжтой гэж харж байгаа.


 

Д.Атарцэцэг

 WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top