Хуурамч зурагтай найз нараа UNFRIEND болгоорой

2018 оны 09 сарын 05

Цагдаагийн Ерөнхий Газар өнөөдрөөс эхлэн сарын хугацаатай "UNFRIEND" хөдөлгөөн эхлүүллээ. Тус хөдөлгөөнийг УИХ-ын цахим бодлогын түр хороо дэмжиж хамтран ажиллаж байна. Хөдөлгөөний зорилго нь цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бөгөөд эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарлыг дээшлүүлэхийг чухалчилжээ.

Өнөө үед мэдээллийн технологи, интернэтийн хэрэглээ байнга өсөн нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад цахимаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо ч мөн өссөн байна. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг гарч байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн аж.

Цагдаагийн байгууллагаас өгсөн нэг жишээг дурдвал “ЭМО” нэртэй фэйсбүүк группууд нээгдэж олон тооны, ихэвчлэн насанд хүрээгүй хүүхэд, залуучуудыг гишүүн болгон элсүүлэн амиа хорлох тоглоом тоглуулсан, иргэн Б бага насны хүүхдүүдтэй чаатаар уулзаж үерхээд тэдний 200 гаруй зургийг авсан байжээ.

Энэ мэтчилэн гэмт хэрэгт таны хүүхэд өртөхгүй гэх баталгаа байхгүй юм. Та бидний хяналтгүй цахим хэрэглээ нь хүүхдийг шууд болон шууд бусаар сэтгэл зүй болон хүмүүжлийн хувьд хүчирхийлэх, мөлжих нэг шалтгаан болдог. Интернэтийн хэрэглээ буурахгүй, нэмэгдсээр байх тул эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар хүүхдийн эрх цахим орчинд зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд хамтран оролцох нь чухал юм.

Тиймээс та яг одооноос эхлэн фэйсбүүкээсээ нэр хаяггүй, зураггүй найз нараа "UNFRIEND" болгоорой.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top