Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэнхэр дуулгатнуудыг үдэх ёслол өнөөдөр /2018.0.31/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” цогцолборт боллоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын 8 дугаар ээлжийн багт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 30 алба хаагч энхийг сахиулах ажиллагааны өмнөх сургалтад хамрагдаж ажиллагааны газрыг зориход бэлэн болжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж алба хаагчдад хандан “Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа халааг авч, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөл болон явж байгаа та бүхэн бие биедээ тустай, нэг баг хамт олон болж, баг бүрэлдэхүүнийхээ дунд зохион байгуулсан уралдаан тэмцээн, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцож, албаа сайн хаахыг хүсэхийн ялдамд улс, эх орон, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж энхийн манаанд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Цагдаагийн байгууллагаас 2006 оноос хойш Сьерра Леон, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 7 удаагийн ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 330 орчим цэнхэр дуулгатан алба хаагч дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оролцож Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэж иржээ.

Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )