“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Захиргааны хэргийн шүүх хуралдаан өчигдөр /2018.08.30/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр боллоо.
Энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаан байсан.
Хуралдаанд гуравдагч этгээд болох Монгол Улсын Засгийн газраас “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, ирэх 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлууллаа.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул нь хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан. Харин ашиглалтын дөрвөн лицензийг “Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм.
Дээрх шүүх хурал 2016 оны нэгдүгээр сараас хойш ийнхүү 39 дэх удаагаа хойшилж байна.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )