Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан "Глоб Интернэшнл" төв Монголын Хуульчдын Холбоо, Монголын Хэвлэлийн зөвлөлтэй хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийх гэж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тухайлбал, Глоб Интернэшнл Төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механзимаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд Монголын Хуульчдын Холбоо, Монголын хэвлэлийн зөвлөлтэй хамтран Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийхээр төлөвлөжээ. Энэхүү Мониторингийн гол зорилго нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж буй дарамт шахалт, заналхийлэл, хүчирхийлэлд олон нийт, нэн ялангуяа төрийн анхаарлыг илүүтэй хандуулахад оршиж байгаа гэдгийг онцоллоо.
Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал: Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол иргэний эрх байдаг. Засгийн бүх эрх ард түмний гарт учраас иргэд өөрөө засгаа барих эрхтэй юм чинь эрх мэдэлд бас хяналтаа тавина гэсэн үг. Үүнд хэрэгтэй мэдээлэл өгөхийн тулд сэтгүүлчдийн аюулгүй байдал хамгаалагдсан, айдасгүй орчинд байх ёстой юм. Тийм учраас энэ орчин үнэхээр аюулгүй байна уу гэдэгт бид мониторинг судалгаа хийж байна. Манай байгууллагын хувьд 2005 оноос хойш сэтгүүлчдийн мэргэжлийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд мониторинг хийж байна.
Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан: Хуулийн байгууллагын хувьд хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй учраас бид энэхүү үйл ажиллагаанд хамтарч оролцож байгаа юм. Глоб интернэшнл төвтэй хамтраад бид эхний ээлжинд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрхийн агуулгыг хуульчдад зөв таниулах, улмаар иргэдийн мэдэх эрхийг хангах ажил жигдэрнэ гэж харж байгаа. Мөн бид хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх ажлаа эхлүүлээд явж байна. Сэтгүүлчид бол шударга ёс, хүний эрхийг хамгаалахад чухал оролцоотой байдаг учраас хуульчидтай хамтраад үйл ажиллагаагаа чухал үр дүнд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
Монголын хэвлэлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа: Манай байгууллагын тухайд үйл ажиллагаа явуулаад дөрөв дэх жилдээ явж байна. Энэ хугацаанд редакцийн эсрэг гаргасан 150 гаруй иргэний гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Тэгэхээр энд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бий болсноороо иргэн, редакцийн хооронд үүсч байгаа зөрчил маргааныг шүүхийн өмнөх шатнаас өмнө шийдвэрлэж зохицуулах ийм боломж бүрэн бий гэдгийг баримтууд харуулж байгаа юм.
WWW.ZINDAA.MN
Д.Цэцэг

Сэтгэгдэл ( 2 )
MORDOGCH HUULCH BISH BOLCHIHVOL ERUUDEN SHUUHGUI BAIH CH YUM BILUU
BURHAD BISH ENHIIN MANAACHID