Монгол Улсын нутгаас анх удаа Сяньби нарт холбогдох дурсгалыг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 24

Өнөөдөр Монгол Үндэсний музейн судлаачид түүхийн нэн чухал олдворуудыг танилцууллаа. 2018 онд Монголын Үндэсний Музейн судлаачид АНУ, Олон улсын Түрэг академи, Солонгос, БНХАУ-ын эрдэмтэдтэй хамтарсан археологийн 6 төслийг амжилттай хэрэгжүүлсэн ажээ. Дээрх төслүүд нь Увс, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий аймгийн нутагт орших шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үе, хүннү, сяньби, түрэгийн үеийн зарим дурсгалуудыг малтан судалсан хийгээд эдгээр төслүүд нь нутаг орных нь нэрээр нэрлэгддэг байна. Монголын Үндэсний музейн судалгааны баг 2014 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газарт малтлага явуулж, судалгааны томоохон үр дүнд хүрээд байна. Уг дурсгалт газар орших 100 гаруй булшийг бүртгэн баримтжуулж, тэдгээрээс нийт 16 булшийг малтан судалжээ. Айрагийн гозгорт малтан судалсан булшнаас олон тооны хөмөгт оршуулга илэрсэн нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутагт малтан судалсан Сяньбичүүд оршуулгуудтай адил төдийгүй булшнаас гарсан эд зүйлсийн хувьд ч ижилсэх хандлага ажиглагдаж байна. Олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурласан он цаг тогтоох судалгааны үр дүнд дээрх булшуудийг НТI- III зууны үед үйлдсэн болох нь батлагдаж байгаа бөгөөд палеоантропологийн судалгаагаар хүний төрхийн хувьд хүннү болоод сяньби нартай холбоотой болохыг тогтоогоод байна. 2014-2018 онд Айрагийн гозгорт явуулсан археологийн судалгааны үр дүнд Монгол улсын нутгаас Сяньби нарт холбогдох дурсгалыг анх удаа илрүүлж, эртний түүхийн судалгааг баяжуулах бодит олдвор, эх хэрэглэгдэхүүнийг цуглуулаад байна. Энэхүү судалгаа нь Монголын эртний Сяньби нарын түүхэнд тодорхойгүй байсан олон асуудлыг шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтой олдворууд ажээ. Үүнээс гадна Шийтэр төсөл, “Хэрлэн” төсөл, “Баруун Монгол” төсөл гэх зэрэг нийт дөрвөн том төслийг амжилттай хэрэгжүүлсэн байгаа юм. Тус олдворуудын талаар Монголын Үндэсний Музейн захирал Д.Сүхбаатараас тодрууллаа.

Д.Сүхбаатар: Төв Азийн өндөрлөгт бидний өвөг дээдэс цагаан хэрэмээс хойш оршин амьдарч байсныг нотолно

-Бид археологийн судалгааны үр дүнд Монгол нутагт Монголын эртний улсууд тэр дундаа Хүннүгийн дараа бичигддэг Сяньбигийн түүхийн судалгаанд шинээр олон олдворуудыг олж судалгааны эх сурвалжуудыг баяжууллаа. Энэ бүхний үр дүнд Сяньбигийн тухай бичмэл судалгааны түүхэн эх сурвалжид археологийн судалгаан дээр үндэслэн бодит үнэнд нийцсэн түүхийг бичих юм. Бид хамгийн гол нь шинэ нээлт, шинэ дурсгалуудыг олсноор Монголын түүхийн цагаан толбыг арилгах юм. Учир нь Хятадын түүхэн сурвалжид “Монголын нутагт Сяньбичууд амьдарч байгаагүй ээ” гэж бичин тэмдэглэсэн байдаг. Үүнээс улбаалан бидний өвөг дээдэс болох Сяньбичуудыг Монголын нутгаар дайруулахгүй Хөлөнбуйраас урагшаагаа зурж тэмдэглэсэн газрын зураг БНХАУ-ын музейд тавигдсан байдаг байна. Энэ нь өнөөдрийн судалгааны үр дүнд өөрчлөгдөх юм. Өнөөдөр энэхүү түүхийн  судалгааны гол археологийн объект нь Монголын үндэсний түүхийн музей болж байна. Үүнээс өмнө Сяньбигийн дурсгалт олдворуудыг өөр бусад шинжлэх ухааны байгууллагууд өнөөг хүртэл цогцоор нь олж тогтоогоогүй байдаг. Бид дөрвөн жилийн турш малтсан үүний үр дүнд он цагийг тогтоож өглөө. Үүгээр баталгаажлаа. Мөн дээрээс нь оршуулгын зан үйлийг нь судаллаа түүнээс гарч буй олдворуудыг мөн судаллаа. Үүний үр дүнд Сяньби бол Монголын нутагт оршин тогтнож байсан гэдгийг нотоллоо. Энэ ч утгаараа Монголын үндэсний музейн археологичид шинэ ололт амжилттай явж байна.  

-Үүний дараа ямар төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ?

-Бид дараагийн төсөлдөө Дани улсын Маск гэх эрхэмтэй хамтарч ажиллахаар ярьсан. Тайваны хааны ордон музей Тайваны музейтэй археологийн судалгаа хамтарч хийхээр төлөвлөж байна. Энэхүү судалгаа нь агаарын таталт хийх мөн геофизикийн нарийвчилсан судалгааг хийх юм. Энэ нь Монголын түүхэнд археологийн олдворуудаар баталгаажаагүй олон үе бий жишээ нь Монголын угсааны гурван улс гэж нэрлэгддэг Хүннү, Сяньби, Жужан ялангуяа Жужаны түүхтэй холбоотой археологийн судалгааны эх сурвалж бас өнөөдөр байхгүй байна. Тиймээс археологийн энэ чиглэл рүү бид явахаар төлөвлөж байна. Бид Монголын түүхийн цагаан толбыг арилгахаар Монголын түүхийн судалгаанд шинэ эргэлт эхлүүлэх энэ судалгааныхаа ажлын үр дүнгээр түүхийг бодит үнэнээр нь бичих юм. Төв Азийн өндөрлөгт бидний өвөг дээдэс цагаан хэрэмнээс хойших оршин амьдарч байсан гэх нүүдэлчдын соёлын иргэншлийг тогтооход шинэ алхам руугаа, шинэ нийгэм рүү үе шатаар урагшилж байна.



Б.АМИРДАА

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.94.95) 2025 оны 03 сарын 13

JAN OVOGT BIDEND HAMAAGUI

1  |  0
Top