“Хятад орныг танин мэдэх” Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг ирэх есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болоод манай улсын хэвлэл мэдээллийн байгууллага хамтран, дэмжиж зохион байгуулж байна. Түүнчлэн хоёр улсын Элчин сайдын яамд, бусад холбогдох байгууллагууд оролцон зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уг арга хэмжээг зохион байгуулж байгаагийн зорилго нь хоёр улсын удирдлага нарын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай нэгдмэл ойлголт болон Хятад монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурлын үзэл санааг хэрэгжүүлэх ажээ. Түүнчлэн манай улсын иргэд Хятадын соёлтой танилцах, хүмүүнлэгийн харилцааг бататгах болоод хоёр улсын найрамдлыг зузаатгахад оршиж байна.
Соёл аялал жуулчлалын өдрүүдэд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношилгоо, тэмцээн уралдаан гэх мэт өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх таван өдрийн 11 цогц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, нийслэлийн кино театруудаар орчин үеийн шилдэг арван бүтээлийг олны хүртээл болгохоос гадна Сычуаний “Цагаан могойн домог” жүжгийг тайзнаа тавина. Мөн есдүгээр сарын 6-7-нд Өвөрмонголын ХААИС болон Монгол Улсын ХААИС хамтарч экологийн соёл иргэншлийн тухай лекц, “Байгаль дэлхийгээ хамгаалъя: Хятадын Өвөрмонголын цөлжилтөөс сэргийлж зассан практик” үзэсгэлэнг зохион байгуулах, ШУТИС Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургууль хамтарч технологийн инноваци сэдэвт лекц үзэсгэлэнг зохион байгуулах юм байна.
ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян: Хамтын ажиллагаанд шинэ эргэлт авчирна гэж харж байгаа
Энэ удаа Хятад улсын соёл аялал жуучлалын өдрүүдийг зохион байгуулж байгаа гол зорилго нь хоёр орны төрийн тэргүүн дээд түвшний дарга нарын нэг санал бодол үзэл баримтлалаа хэрэгжүүлж хоёр орны хүмүүнлэгийн салбар соёл урлагийн салбар цаашдаа улам гүнзгий хөгжиж цаашдаа сайн сайхан талаар ойлголцох хоёр орон хоорондын соёлыг сайн мэдэрч сайн таньж ард түмний нөхөрлөл улам цаашид зузаатгах энэ үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ арга хэмжээгээр дамжуулан хоёр орны минь ард түмэн улам цаашаа найрамдалтай элгэмсэг дотно харилцаатай, өргөжин хөгжих харилцан төвтэй байх энэ үүднээс энэхүү арга хэмжээ минь үр дүнгээ өгөх болов уу гэж дүгнэж байна. Хамтын ажиллагаанд шинэ эргэлт авчирна гэж харж байгаа юм. Цаашдаа энэхүү арга хэмжээг хамтарч хийхийг бидний зүгээс хүсч байгаа юм.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр:Соёлын өдрүүд нь МСНЭ-д том боломж авчирна гэж харж байна

Хятадын соёлын өдрүүд уламжлал болсон найрамдалт харилцаанд томоохон байр суурь эзэлдэг ийм арга хэмжээнүүдийн нэг. Энэ жилийн хувьд гол онцлог нь соёлын өдрүүд нь илүү өргөтгөсөн байдлаар 2018 оны есдүгээр сарын 4-8ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт үргэлжлэн зохион байгуулагдах юм. Соёлын өдрүүд нь МСНЭ-д том боломж авчирна гэж харж байна.
Хятад улсын ядуурлаа бууруулсан их туршлага, соёлын талын арга хэмжээнүүдийн ололт, амжилт, Хятадын үсрэнгүй хөгжилд хүргэсэн инновацийн технологи гэх мэт олон зүйлүүдийг цаашид ард түмэндээ хэрэгтэй салбарт нь, хэрэгтэй хүнд нь хүргэх ийм боломж гарч байгаа учраас хэвлэл мэдээллийн салбарынхан үүнээс олон мэдээллийг авч үүнийг цааш нь түгээх боломж гарч байгаа юм.
МСНЭ-ийн хувьд бидний хамгийн том үүрэг бол ес дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Монгол Хятадын Хэвлэл мэдээллийн форумыг Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа. Хоёр өдрийн арга хэмжээнд нийтдээ 158 хүн хоёр улсаас оролцоно. Форум нь уламжлал болсон арга хэмжээ бөгөөд Хятад Монголын найрамдлын харилцаанд томоохон байр суурь эзэлдэг. Бусад салбарынхаа үйл ажиллагааг бас дэмждэг ийм арга хэмжээ юм. МСНЭ, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтарч Хэвлэл мэдээллийн есдүгээр форумыг зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна.

WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )