Х.Алтанцацралт: Хотыг “ модны оршуулгын газар” болгож байгаа нь байгалийн эсрэг гэмт хэрэг

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

Хүн жилдээ 273 кг хүчилтөрөгчөөр  амьсгалж  байж  хэвийн амьдардаг байна. Тэгвэл бие гүйцсэн 36 метр өндөр улиас жилдээ 30 кг хүчилтөрөгч ялгаруулдаг гэнэ. Нийслэл хотын хүн ам 1 сая 300 мянга гэж тооцвол дор хаяж есөн сая улиастай байж бид цэвэр агаар амьсгална. Гэтэл манайд ийм хэмжээний улиас мод байхгүйн дээр байгаа хэдийгээ үндсээр нь тайрч хаяж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж, олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлж байна. 

Үүний нэг жишээ нь тавдугаар сургууль, СУИС-ийн өмнө байсан моднуудыг тайрч оронд нь шинэ мод суулгаж байгаа дүр зураг. Холбогдох газраас  өнгөрсөн жил үхэжчихсэн байсан моднуудыг энэ хавар авч оронд нь гоёлын мод тарьж байгаа гэх тайлбарыг өгч байна.

Нийслэл хотын ногоон байгууламж тойрсон асуудлын талаар 20 гаруй жил мод тарьж байгаа “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралттай хэдэн хором ярилцлаа.  

- МОД ТАРИНА ГЭДЭГ МЭРГЭЖИЛ,  ТОМ ШИНЖЛЭХ УХААН –

- Уулын модыг авчирч нийслэлийн гудамж талбайд суулгах ажил энэ жил дахин эрчимжиж эхэллээ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Манай орон эрс тэрс уур амьсгалтай. Агаарын чийгшил багатай, өндөрлөг газар. Нийт газар нутгийн 5-6 хувьд нь л ой мод ургадаг. Судалгаагаар ой мод их хөгширсөн, хортон шавьжинд идэгдсэн байдалтай байна.

Халуун наранд шарагддаг, хөрс чийггүй учраас уулынхаа хойно нар тусдаггүй хэсэгт мод ургадаг. Гэтэл тэнд байгаа модыг авчраад өдөржин нар шардаг хонхор газар суулгахаар амьдрах чадвар нь муудна. Дээрээс нь технологийн дагуу авчирч чадахгүй байна. Үндэс, мөчрийг нь гэмтээж, машин дээр ил задгай ачаад салхи татуулаад давхихаар тээвэрлэлтийн технологи алдагдаж байгаа юм. Мэргэжлийн бус хүмүүс Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэх ажлыг хийж байна. Тэгээд модыг авчраад нүхэнд булсныгаа мод тарилаа гэж ярьж байгаа юм.

Image result for модыг авчирч хотод суулгаж байна

-Зарим газар суулгасан моднуудаа буцааж авсан гэх мэдээлэл бий?

-Дөрөв таван жилийн өмнө уулын том моднуудыг авчирч Гандангийн гудамж, 10 дугаар хороолол, нэгдүгээр хорооллоор тарьсан. Одоо тэр моднуудаас ширхэг ч  байхгүй "борц" болсон. Тэр том моднууд өөрийнхөө гол эсний тэжээлээр нэг хэсэг амьдардаг. Хоёр гурван жилдээ үхэхгүй байж байгаад "борц" болчихдог юм. Өнгөрсөн жилээс дахиад уулнаас маш олноор нь мод авчирч "булшилж" байна. Хот "модны оршуулгын газар" боллоо. Энэ бол байгалийн эсрэг гэмт хэрэг. Үүнд хариуцлага тооцох ёстой. Хэдхэн хүний хийж байгаа ажил. Өмнө нь мөнх ногоон гацуур модыг хүртэл авчирч байсан бол энэ жилээс бүр байгалийн ургамлуудыг хулгай хийж авчирч мөнгө олж байна.

-Ургаж байсан модыг тайрдаг нь ямар учиртай юм бэ?

-Хотод ногоон байгууламжийн талбай бараг байхгүй болсон. Тарих газаргүй болохоороо ургаж байгаа модыг тайрч оронд нь мод тарина гэж тайлан бичиж мөнгө авах зорилготой гэж харж байна. Сүүлийн үед хотын ногоон байгууламжийг цэцэрлэгжүүлэх ажил бүр бизнес болсон. Бараг шоу гэж хэлж болно. Хавар тарьсан мод нь ургахгүй намар буцааж сугалж хаяад тендер зарлаад дахиж тариад ургахгүй болохоор нь сугалж авдаг. Тендер гэдэг  нь хүмүүсийн танил талаараа мөнгө олох арга хэрэгсэл болжээ.

-Хотын гудамж талбайд суулгаж байгаа моднуудыг өөр хаанаас авчирч байна вэ?

-Ер нь бол уулнаас юм уу, Хятадаас  авчирч байна. Хотын уур амьсгалд зохицохгүй мод тарьчхаад ургахгүй болохоор нь буцаагаад авдаг. Ургамал чинь амьд юм шүү дээ. Тиймээс ямар цаг уурын бүс бүслүүрт ургах вэ гэдгийг нь судлах ёстой. Урдаас авчирсан мод өвөл хүйтэн учраас үндэс нь хөлдчихдөг. Зуны улиралд жаахан навчилж байгаад өвлийн хүйтэнд хөлдөөд дахиж ургахгүй.

-Мод тайралт, таналттай холбоотой асуудал жил бүр л яригддаг. Буруу тайрч байна, гэмтээж байна гээд. Мод тайрч танах тогтсон стандарт байдаг уу?

-Бүх төрлийн модонд таналт тайралт хийх стандарт  гэж бий. Жил бүр танаж хэлбэржүүлэх ёстой. Тэгж байж модоо залуу байлгадаг. Гэхдээ манайхан буруу хийдэг. Хуучин ургаж байсан мод гэдэг өөрийн гэсэн өртөгтэй. Экологи эдийн засгийн үнэлгээ гэж юм бий. Олон нийтийн өмч, татвар төлөгчдийн мөнгөөр олон жил тордсон хөдөлмөр. Гэтэл гол ишийг нь хөрөөдөөд ургуулах нь битгий хэл харанхуйд хүн цочмоор юм болгоод хаячихдаг. Мэргэжлийн  бус үйл ажиллагаа өөр юу ярих билээ. Мод тарина гэдэг чинь мэргэжил, шинжлэх ухаан юм шүү дээ.

-Хотод мод тарих бодлого гэж манайд байна уу?

- Хот төлөвлөлт зайлшгүй байх ёстой. Аль гудамжинд ямар төрлийн мод байхаас эхлээд бүх модоо тоолж ургалтын хувийг жил бүр гаргах ёстой. Түүнээс биш зүгээр ургаж байсан модыг хөрөөдөж хаяад оронд нь мод тарина гэдэг нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгэж байгаа хэрэг. Нэг хүнд төв суурин газарт дор хаяж 20 метр кв ногоон байгууламж байх ёстой гэж үздэг. Гэтэл одоо нэг хүнд ноогдож байгаа ногоон байгууламжийн талбай 2 метр хүрэхтэй үгүйтэй л байна. Үнэхээр бодлогоор зохицуулаад явбал боломжгүй зүйл биш. Хотын аль л хүн их явдаг гудамж болгонд хүмүүс үйл ажиллагаа явуулж байна. Тэр улсууд өөрийнхөө орчныг цэвэр цэмцгэр ногоон байлгах ёстой. Тэднээс шахаж шаардах хэрэгтэй.  Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэн бүр жилд нэг мод ургуулвал 1 сая 300 мянган хүнтэй хот таван жилийн дараа 6 сая гаруй модтой болчихно. Ингээд л шийдчих асуудал. Төр хяналт тавихад л болно" гэв.

Image result for модыг авчирч хотод суулгаж байна


2007 оноос хотын цэцэрлэгжүүлэлтэд зориулан уулнаас том хэмжээний, бие гүйцсэн модыг шилжүүлэн суулгах бизнес Монголд цэцэглэж эхэлжээ. Харин “Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын холбоо”-ноос хотын ногоон байгууламжид ойгоос том мод шилжүүлэн суулгахыг эсэргүүцэж энэ чиглэлээр зарласан хоёр ч тендерийг цуцлуулсны үр дүнд сүүлийн дөрвөн жил ойгоос том мод огт шилжүүлэн суулгаагүй байна. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн дахин зөөж эхэлсэн. Байгалиас үнэгүй аваад, нийслэлд ирээд нэг модыг 350-650 мянга хүртэл төгрөгний үнэ ханштай болдог ажээ.

 

А.Түвшин

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Terminator(103.26.193.54) 2018 оны 05 сарын 24

Уулнаас авчирсан мод ургадаггуй гээд л байгаа юм биш уу малнуудаа

0  |  0
зочин(112.72.14.178) 2018 оны 05 сарын 24

Технологийн дагуу хийвэл болох ажил. Манайханд нүдэнд нь мод биш мөнгө харагдаад байна. Мэргэжлийн байгууллага 3-аас багагүй жилээр гэрээ хийж усалгаа арчилгааг хийж хотод эсвэл тухайн байгууллагад хүлээлгэн өгдөг байх.

0  |  0
Z(124.158.111.7) 2018 оны 05 сарын 24

URGADAGGUIMDAA,MONGOL HUN GEDEG CHINI TENEG HUN GESEN UTGATAI YUMSHUUDEE DELHII DAYAARAA

0  |  0
bayar(66.181.161.50) 2018 оны 05 сарын 24

Hairan nars modod. Negen ch urgahgui yum daa.. yasan setgelgui yum be

0  |  0
zzzzz(122.201.31.168) 2018 оны 05 сарын 24

TUWSHIN DURAK MINI 5-R SURGUULIIN TEND URGAJI BAYSAN MOD TAYRAAGUY URGAKHAA BAYSAN UKHSEN MODNUUDYN KHOJUULIIG NI TSEWERLEJI SHINE SUULGATS TARISAN , YUMAA MEDEJI DONGOSOOROY

0  |  0
Дулмаа(64.119.16.186) 2018 оны 05 сарын 24

Ургаж л байвал уулнаас авчирсан нь дээршд. Урд Хятдаас авчирч мөнгөө хүний нохойд өгч байхаар. Одоо хотын гудамж өнгө засаад гоё л байна. ХАРИН улиасыг тахир дутуу хүн шиг болтол тайррар ямар муухай юм бэ? Ялангуяа өвөл маш муухай харагдах юм.Бодвол ажил хийж байнаа царай нь юм байхдаа,чааваас. Өндөр сайхан хэвээрээ байвал мод шиг гоо үзэсгэлэнтэй байх шү дээ.

0  |  0
Dhdhd(27.123.214.102) 2018 оны 05 сарын 24

Uuruu tariach tegeed yu ch xiixgui baij xudlaa eldeviin yum dongosoxiin

0  |  0
М.Өлзийбаяр(139.5.219.28) 2018 оны 05 сарын 24

Амар хялбар аргаар мөнгө олох арга гэж бодож байна

0  |  0
Top