Ч.Улаан гишүүн ээ, “Цайрт минерал”-ын луйвар үргэлжилсээр байх уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 17

Ч.Улаан гишүүний Хятадтай хийсэн хуйвалдаан хэмээн яригддаг нэгэн орд газрын талаар дахиад хууль хяналтынхны анхааралд хандуулахыг саяхан хэсэг иргэд маань хүсчээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг, “Төмөртийн овоо” гэдэг газарт цайрын том орд бий. Аймгийнхаа төвөөс зүүн хойшоо 16 км-т орших энэ ордын нөөц нь 11,5 хувийн дундаж агуулга бүхий 885,3 мянган тонн металл цайраар тогтоогджээ. Нөөцийг нь анх 1980 онд баталсан бөгөөд эрэл, үнэлгээний ажилд тухайн үеийн ханшаар 203,0 мянган төгрөг, нарийвчилсан хайгуулд 10717,8 шилжих рубль зарцуулсан байв. Уг ордыг 1989 оноос ашиглах гэсэн боловч санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүй, хамтран ашиглах гадаад түнш олдоогүй. Ингээд 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монголын “Металлимпекс” ХХК энэ ордын ашиглалтын 723А лицензийг авчээ. Тэгээд удалгүй Хятадын иргэн Жан Ши Ли гэгчид өөрийн талбайгаас 38 га-г худалдсан байна. Дараа нь Жан Ши Ли 2005 онд Хятадын Цайрт минерал компаний нэр дээр нэмж дахиад “Металлимпекс”-ийн 9766 тоот лицензтэй 634 га газрыг шилжүүлэн авсан юм. Ингэхдээ лиценз нь зөвхөн хайгуулынх байлаа. Ордын нөөц нэгэнт тогтоогдчихсон байхад энд уг нь ийм лиценз олгох ёсгүй байсан юм. Техник эдийн засгийн үндэслэл ч хийгдсэн байв. Жан Ши Ли гэгч хятад эр ийнхүү манай баялагт эзэн суужээ. Ингээд Хятадын Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төслийн компани (NFC)-тай хамтран ашиглах гэрээг 1997 оны 11 дүгээр сард хийж, хоёр орны хамтарсан “Цайртминерал” ХХК-ийг 100,0 мянган ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан гэдэг. Хятадын иргэд ийм том бизнесийг манай хэн нэгэн эрх мэдэлтэй хүний дэмжлэггүйгээр энэ бүхнийг хийх боломжгүй нь ойлгомжтой юм. Тухайн үед Сангийн сайд асан Б.Батбаярын гарын үсэгтэй “Тогтвортой байдлын гэрээ” гэгч нь хууль тогтоомжид илт харшилсаар ирснийг өнөөдөр хэн ч анхаарахгүй байгаа нь бүр гайхалтай.

Б.Батбаярын дараа Ч.Улаан Сангийн сайд болж, 2000 онд Засгийн газрын хуралдаанаар Цайрт минерал компанид Хятадын талаас хөнгөлөлтэй зээлийг дамжуулан зээлдүүлэх  гэрээ хийхээр болжээ.  Ч.Улаан анхнаасаа Засгийн газрын гишүүдэд буруу зөрүү ойлголт төрүүлэхүйц зүйл ярьж, хийж байсан гэж өдгөө Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн нотолдог байна. Тухайлбал “Энэхүү зээлтэй холбоотой зээлийн үндсэн өр, хүү болон аливаа төлбөрийг Монгол улсын Засгийн газар хариуцахгүй” гэсэн өгүүлбэрийг гэрээнд нэмж амжсан байжээ. Тэгээд сэмхэн Хятадын “NFC” компанид зээлийг шууд хийх болсноор хамаг будлиан үүссэн бололтой. Дээрх “но”-той үг өгүүлбэрт дулдуйдан Сангийн яамнаас 02а /77 тоот бичгийг Хятадын Элчин сайдын яаманд илгээн Монгол улсын Засгийн газрын авсан хөнгөлөлттэй зээлийн 25 сая ам.долларыг Хятадын хувийн “NFC” компанид шууд, ямар ч гэрээгүйгээр өгсөн байна. Нийт дүнг нь юанаар тооцвол гурван хувийн хүүтэй 200 сая юан ажээ. “NFC” компани нь Төмөртийн овооны цайрын ордын төслийг хэрэгжүүлж буй “Цайрт минерал” ХХК-д уг зээлийг Хятадын арилжааны банкны зээлийн хүүгээс өндөр хүүтэйгээр буцаан зээлдүүлсэнд хэргийн бас нэг учир шалтгаан байгаа аж. Тэгээд 4 жилийн турш уг төслийг санхүүжүүлээгүй. Өөрөөр хэлбэл дээрх мөнгө хаа нэгтээ өөр зорилгоор ашиглагдаж байсан болж таарч байгаа юм. Нэгэнт гэрээт үүргийн дагуу “Цайрт минерал” нь 4 жил юу ч хийгээгүй болохоор “Тогтвортой байдлын гэрээ”-г цуцлах ёстой байлаа. Гэвч Ч.Улаан сайд суудлаа ашиглан энэ гэрээг цуцалсангүй. Монголын тал энэ хугацааны хохирлыг амсаад өнгөрчээ. Гэхдээ санхүүжилт бүрэн хийгдээгүй ч “Цайрт минерал” нь цайрын баяжмалыг Хятад руу гаргасаар байсан нь бас сонирхолтой байдаг юм. Үүнийг зөвхөн 2005 онд гэхэд үнийн дүнгээрээ 9 664 604 677 ам долларын борлуулалт хийсэн гэж тус компани мэдээлсэнээс харж болно. Харин гаалийн жагсаалтаас үзвэл 44 897 860 605 ам. долларын баяжмал хил давуулсан байлаа. Ийм үйлдлийг луйвар биш гэх аргагүй болов уу. Гэвч эдгээр зөрүүтэй мэдээллийг Хятадын тал орд газрын дээж хэмээн нэрлэдэг бололтой. Эхний таван жилд  ямар ч татваргүй гарсан цайрын хүдэр 731,7 сая ам.долларт хүрсэн гэж Монголын хөрс хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Хатанмагсар саяхан мэдэгдлээ. Тус ордоос сард 300-500 мянган тонн хүдэр боловсруулах боломжтой бөгөөд тэдний хамгийн сүүлийн судалгаагаар тус орд нийтдээ 4,4 тэрбум ам. долларын эрдэс баялгийн нөөцтэй гэж тогтоогдсон байх юм. Б.Хатанмагсарын хувьд Хятадын ийм увайгүй үйлдлүүдийг УИХ-ын гишүүн Ч.Улаан өөгшүүлж, “Цайрт минерал шиг сайн ажиллаж байгаа компани байхгүй мэтээр ярьж явааг гайхаж байгаа ажээ. Цайрт минерал нь одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотыг ундны усгүй болгох гэж байгаа гэнэ. Энэ компани үйлдвэрийн хэрэгцээт усаа Баруун-Урт хотынхоны ундны усны нөөцөөс авдаг юм байна. Нутгийн иргэдийн тооцоолсноор ийм маягаар цааш явбал удахгүй уух усны хомсдолд орох ажээ. Нөгөөтэйгүүр баялгийг нь цөлмөсний төлөө нутгийнханд хөрөнгө оруулалт гэж гялайж гялтайх юмгүй байна. Тус компаний хөрөнгө оруулалтаар боссон нэг ч сургууль цэцэрлэг алга. Цайрын хүдэр ачсан хүнд даацын машинууд өдөр шөнөгүй Сайншандыг дамжин урагш цуварсаар байна. Байгаль орчны сүйрэл энд Өмнөговь, Дорнодын Матадаас дутахааргүй болжээ. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар өнөөдөр стратегийн ордоо ийнхүү ашиглуулж, эх орноо цөлмүүлж байгаадаа Ч.Улаан гишүүн лав сэтгэл зовдоггүй юм байна. Тиймээс Монголын хөрс хамгаалах нийгэмлэгийнхэн энэ бүх асуудлыг нарийвчлан шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газарт хандаад байгаа ажээ. Хэдэн жилийн өмнө Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн яг иймэрхүү зүйлийг сөхөж тавиад хууль хяналтын байгууллага тоож үзээгүй юм. Гэхдээ одоо тэдний арчаагүй, улс төрийн хараат байдал арай зөөлөрсөн байлгүй дээ. Харж л байхаас.

Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top