Монголын картын барааны үеийг санагдуулах ЗААНЫ ЯСАН ЭРЭГ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 20

Зааны ясан эрэг улсын сөрөг хүчний удирдагч Алассан Уаттар  Европын холбоонд хандан Л.Гбагбогийн Засгийн газарт тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалж өгөхийг хүсчээ. Guardian сонинд энэ талаар мэдээлсэн байна.

Европын холбоо Зааны ясан эргийн Сан Педро, Абижан зэрэг гол боомт хотод хориг тавьснаас болж тус улс экспортын гол бүтээгдэхүүн болох какаогоо гадаад зах зээлд гаргаж чадахгүйд хүрээд байгаа юм. Европчууд мөн саяхнаас Баруун Африкийн төв банктай сүлбэлдэн Зааны ясан эргийн банк санхүүгийн тогтолцоог боомилох ажиллагааг хэрэгжүүлэхээр санаархаж байгаа. Хэрвээ ингэх юм бол тус улсын иргэд цалингаа авч чадахгүйд хүрч, иргэний дайн улам удаашрах болно гэж А.Уаттар үзсэн учраас ийнхүү хүсэлт тавьсан байна. Тэрбээр хориг удаан үргэлжилбэл улсад нь хүмүүнлэгийн хямрал нүүрлэнэ хэмээн түгшиж байгаа юм.

Зааны ясан эрэгийн нөхцөл байдал эдүгээ яг л монголчууд картын тогтолцоотой байх үеийг санагдуулж байна. Дэлгүүрүүдээр цэвэр ус нүдний гэм болсон бөгөөд өргөн хэрэглээний бараа авахын тулд өглөөнөөс эхлэн дугаарлаж хонох шахаж байгаа аж. Тиймээс Л.Гбагбо, А.Уаттар нар “Цалин тавина. Цэвэр ус, өргөн хэрглээний бүтээгдэхүүний олдоцыг сайжруулна” гэсэн амлалтыг уралдан өгч байгаа юм. Товчхондоо зааны ясан эрэгчүүд удахгүй тархиараа бус ходоодоороо санал өгдөг болох нь. Өрсөлдөгч хоёроос дээр өгүүлсэн сайхан амлалтыг хэрэгжүүлэх эхний алхмыг Л.Гбагбо түрүүлж хийн, какаоны экспортыг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Тус улс жил бүр 4.5 тэрбум ам.доллартай тэнцэх какаог экспортолдог бөгөөд дэлхийн зах зээлийн 40 хувийг дангаараа хангадаг юм.

Боомтод цугларсан какаог худалдаж, хууль бус дэглэмээ санхүүжүүлэх нь гэж үзээд Европын холбоо Зааны ясан эрэг улсад эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Гбагбо экспортоос олсон мөнгөөрөө армиа санхүүжүүлэх зорилготой байсан нь мэдээж юм. А.Уаттарын хүсэлт ч эх орноо бодсондоо бус, цэргүүд нь Л.Гбагбогийн ордныг эзэлж авсантай холбоотой байж болох юм. Өөрөөр хэлбэл какао зарагддагаараа зарагдаж орлого нь Л.Гбагбо бус А.Уаттарын цэргүүдэд цалин болж очих магадлал өндөр байна.             

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бат(203.91.115.46) 2025 оны 03 сарын 13

Монгол улсыг МАХН-МАН өлсгөлөн болон картын бараанд оруулсныг АН аварсаыг Монголчууд мартсан нь өнөөгийн хямралд хүргэсэн юм

1  |  0
Top