“САХИУСАН ТЭНГЭРҮҮД”-ийг аварсан нь

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 15

Финландын төрөх эмнэлгүүд хүүхэд төрүүлсэн ээж болгонд бэлэг өгдөг. Шинээр мэндэлсэн иргэнд нь зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүнийг багтаасан “Хүүхдийн хайрцаг”-ийг тэдэнд төрөөс үнэгүй өгдөг юм. Одоогоос гурван жилийн өмнө “The Magazine” сэтгүүл энэ сэдвийг хөндөж, Скандинавын хойгийн энэ улс нярайн эндэгдлийг бараг үгүй болтол бууруулж чадсаныг олон нийтэд таниулсан түүхтэй. Нийтлэл 18 сая хүнд хүрч уншигдсанаас хойш бүгд “хүүхдийн хайрцаг” гэх энэ энгийн атлаа гайхамшигтай ач тустай эдийг хэрэглэдэг болжээ.

Финландын хувьд, “хүүхдийн хайрцаг”-ны уламжлал нь бүр 1930-аад оноос эхтэй. Шинээр ээж болсон эмэгтэйчүүд яг одоогийнх шиг хайрцгийг бусад хэрэгцээт зүйлсийн хамт улсаас үнэгүй авдаг байв. Хайрцганд хүүхдийн живх, цээживч, даавуун өлгийнөөс гадна халуун хэсжигч, угж, жижиг гудас бий. Хамгийн гол нь, хайрцгийг ор болгон ашиглаж болдогт ач холбогдол нь оршиж байжээ. Дэлхийн ихэнх оронд нярай хүүхдүүд эхтэйгээ хамт унтдаг. Гэтэл нярай хүүхэд өвчлөх, цаашлаад эндэх гол шалтгааны нэг нь томчуудтай хэт ойр байх явдал аж. Барууны орнууд хүүхдээ төрсөн цагаас нь тусдаа орон дээр унтуулдаг нь цаанаа учиртай байжээ. Финланд улс үүнийг хамгийн түрүүнд мэдэж, өөрсдийн арга хэмжээг авсан байж. Өнөөдөр 1000 төрөлтөд тохиолдох нярайн эндэгдлийн хэмжээ Энэтхэгт 38, ӨАБНУ-д 34, АНУ-д зургаа, Их Британи, Канадад дөрөв байна. Харин Финландад хоёр байгаа нь эндэгдэл хамгийн багтай улсаас хоёр дахин бага гэсэн үг юм. Хүүхэд эцэг эхээ сонгодоггүй. Судалгаанаас харахад, дуу гэр бүлд мэндэлсэн хүүхэд нярайн эндэгдэлд өртөх магадлал илүү байгаа нь батлагджээ. Өөрөөр хэлбэл, орчны ариун цэврийн байдал нөлөөлдөг байна. “Хүүхдийн хайрцаг” ашиглах нь вирусын халдвар авах эрсдлийг багасгадаг.   

Зөвхөн Финландын Засгийн газраас хэрэгжүүлдэг байсан “Хүүхдийн хайрцаг” хэрэглэгч орны тоо нэмэгдэхийн хэрээр ашиг орлого сайтай бизнес болж хувирчээ. Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям, Кембрижийн гүнгийн авхай Кейт нарыг анхны хүүхдээ хүлээж байх үед Финландын Засгийн газар “Хүүхдийн хайрцаг” бэлэглэсэн явдал олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл яг энэ үйл явдлын дараа гурван фин залуу “Хүүхдийн хайрцаг”-ийг дэлхийн нийтийн хэрэглээ болгохоор үйлдвэр байгуулжээ. АНУ-д хоёр ээж мөн яг энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулж эхэлсэн байна. Нярайн эндэгдэл ихтэй ӨАБНУ-д ч энэ чиглэлийн бизнес хийх сэргэлэн нөхдүүд гарч иржээ.

АНУ-д 1000 амьд төрөлтөд ногдох нярайн эндэгдлийн тоо 2013 онд 7.1 гэсэн үзүүлэлттэй байв. Харин Техас мужийн Форт Уорт хотын дөрвөн төрөх эмнэлэгт “Хүүхдийн хайрцаг” хэрэглэж эхэлснээс хойш хоёрхон жилийн дотор 5.9 болж буурсан гайхалтай үр дүнг үзүүлжээ. Барууны орнуудад төрөлт харьцангуй бага тул 600 иж бүрдэл хайрцаг л нэг төрөх эмнэлгийн сарын хэрэглээнд хангалттай хүрдэг аж. “Бидний гол зорилго нярайг эхтэй нь хамт унтуулахгүй байх явдал юм. Энэ зорилгыг “Хүүхдийн хайрцаг” хангаж чадаж байна. Нярайн эндэгдэлд ахуй голлох нөлөө үзүүлж байсныг бид одоо ойлгосон” гэж хүүхдийн эмч Дайан Дэйли Кук ярьж байна. Үр дүн нэгэнт ийм өндөр гарсан учир Форт Уорт хотын захиргаа ойрын хоёр жилд дахин 36 мянган ширхэг “Хүүхдийн хайрцаг”-ийг тараахаар төлөвлөжээ. Австралийн Виктория, Канадын Альберта муж мөн 2015 оноос энэхүү хөтөлбөрийг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлжээ.

 

 

“Хүүхдийн хайрцаг”-ны түүх

 

-1933 оноос анх олгосон.

-1938 он. Эхчүүдэд жирэмсэн, төрсний тэтгэмж өгч байх хууль батлахдаа орлого багатай эхчүүдэд “Хүүхдийн хайрцаг” олгож байхыг давхар хуульчилжээ. Ингэснээр төрсөн бүх эхчүүдийн 2/3 нь хүүхдийн хайрцаг авах эрхтэй болсон байна.   

-1940-өөд он. Олон гэр бүл орон гэргүй болж хоцорсон Дэлхийн II дайны хүнд бэрх жилүүдэд ч энэ тогтолцоо тасалдалгүй үргэлжилж байв.

-1949 он. Орлогоор ялгаварласан хэсгийг хуулиас хасч, жирэмсний хяналтад хамрагдсан бүх ээжүүдэд нэг ижил өгч байхаар болжээ.

-1957 он. Хүүхдийн даавуунаас гадна бэлэн хувцас өгдөг болов.

-1969 он. Нэг удаагийн живх нэмэгджээ.   

-1970-аад он. Эрүүл мэндийн жижиг зөвлөгөөг хамт хийдэг болсноор ээжүүд угаахад хялбар, цагаан өнгийн хувцас өмсөх болов.

-2006 он. Хөхөөр хооллолтыг дэмжих үүднээс угжийг хасчээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

saihan umaa tur sain baival irgen ch amar baih um daa

1  |  0
Top