Гол усыг БАСАЖ БОЛОХГҮЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 14

... 2013 оны аагим халуун зуны тэр нэгэн өдрийг санахад хар дарсан зүүд мэт л аймшигтай атлаа азтай ч юм шиг хачин санагддаг юм.

Их мөрөн Сэлэнгийн хөөсөрсөн ногоон урсгалд 100 гаруй метр эргээсээ 10 гаруй алд хөлгүй усанд амь тэмцэн аз үзэн хүүгийнхээ амийг арай чүү аварч чадсанаа өнөө бодоход тун чиг азтай... Миний хүү Б.Буянбаатар тэгэхэд 10 настай жаахан хүүхэд байж билээ. Даруу дөлгөөхөн зангаараа ах дүүсийнхээ хайрыг татсан тийм л гэнэн цайлган үе. 
Тэр өдөр миний бие "Сэлэнгэ" амралтын баазын ажилтан албан хаагчдад гамшгаас хамгаалах хичээл сургалт явуулах ажлаар Хялганат тосгонд ажиллахаар болж, манайд Хэнтий аймгаас ирээд байсан хамаатан ах дүүсээ тоглож өссөн Хялганат нутгийнхаа сайхан байгаль үрэл мойлны төгөл гол усыг сонирхуулчих санаатай гэр бүлтэйгээ хамт дагуулан явсан юм даг. Хичээл сургалтын цагаас өмнө Сэлэнгэ мөрний гүүрэн дээр хоёр машинтай ирцгээсэн биднийг Сэлэнгэ ижий үзэсгэлэнт төрхөө дэлгэн угтлаа.

Онцгой байдлын ажилтны хувьд тэнд явсан бүгдэд нь л "хүүхдүүдээ гараасаа хөтлөөрэй болгоомжтой" гэж захиад бага хүүгээ хөтлөн гүүрний цаад руу налуу хэсгээр доош буухдаа хүмүүсийг бас ажиглаж байлаа. "Хүүхдүүддээ гол ус руу хамаагүй орж болохгүй, голын уснаас магнайдаа хүргэж адис авдаг" энэ тэр гээд л баахан сургаж өгдөг байсан минь энэ удаа гай болох шахсан юм. 

Хүү маань хэнд ч анзаарагдалгүй доош буусан байжээ. Суналзсан том гүүрний чанх доор далангийн налуу цементэн хавтан дээр явган сууж толгойгоо шавшиж сэрүүцээд буцаж эргэхдээ нялзгай замган дээр халтиран гүнзгий ус руу гэнэт унасаныг нь ойрхон байсан манай баз хүргэн анх мэдээд яаж ч чадаагүй байсан юм. Учир нь баз хүргэн ч хүү маань ч тэр усанд аа ч байхгүй байж. Би багыгаа хөтлөөд эрэг рүү бууж ирэхэд тэр надад "Буянаа ус руу уначихлаа" гэж хачин сөөнгө дуугаар хэлэв. Яг намайг голын эрэг дээр ирсэн тэр мөчид шүү дээ. Би үнэхээр цагаа олж ирсэн хэрэг байлаа. 

...Нов ногооноор хөөсрөн эргэлдэх хөлгүй усан дотор хүүгийн минь жижигхэн нүүр улаан хөх цамцных нь хэсэг харагдангуут ямар ч бодох, яах ийх гэх алмайралгүй хөтлөж явсан багыгаа хойш түлхэж нүдний шилээ авч шидээд шууд л хөлөөрөө үсэрсэн байсан. Би албаны хувцастай явж байсан юм. Секундын төдий ч саатаагүй. Хэрэв саатсан бол хүчтэй урсгал хүлээхгүй алдах байлаа. Нэг мэдэхэд би хүүгээ тэврээд усны мандал дээр гараад ирчихсэн байв. Ус хөлгүй, эрэг нэлээд зайтай, урсгал ширүүн. Ганц гараар барих барьцгүй цамц нь шувтраад байсан тул цамцны доод хэсгийг гараараа хэд хэд сайн ороогоод бэлхүүсээр чангалж хүүгээ дээш нь өргөж мөрлөөд нэг гараараа чадлаараа самардаж хоёр хөлөөрөө байдгаараа тийчиллээ. Эрэг их хол харагдаж байлаа. Хүүгээ ухаан алдсан мэт дуугарахгүйг нь мэдээд сандарч хэд хэд ус залгиллаа, усаар дүүрсэн гутал хувцас доош чангааж, хөл ч газар хүрэхгүй ингээд дууслаа л гэж бодов. Хэд хэд толгойгоороо ус руу живж орлоо. Өөрийн эрхгүй л живж байсан даа. Бодох завгүй цаг тулдаг юм байна лээ.

Ухаан орж гарч ходоод усаар цэрийж ам хамарт ус дүүрч дүнхүйрч байтал хүүгийн минь “Ааваа” гэж гэнэтхэн дуудах дуу чихэнд сонсогдож ямар их хүч хаанаас гарсныг мэдэхгүй цээжинд агаар сэлгэж “Миний хүү зүгээрээ” гээд шууд эрэг рүү дахин зүтгэж эхэлснээ санаж байна. Хамгийн сүүлчийн амьсгал, агаар, найдвар хүч бүхнээ дайчлан хөлөөрөө газар тэмтчин сарвагнахад Сэлэнгэ ижий зөөлөн гараа ивэх шиг болсон доо. Тийм зөөлхөн бас газар дэлхий шиг элсийг би өөр хаанаас мэдрэхгүй олохгүй байх. Бид ингэж л аврагдсан юм.. Бага насаараа шумбаж тоглож өссөн хатан ижий минь биднийг ивээлээ. Үнэхээр азтай. Хүүгээ чанга гэгч нь тэврээд чимээгүйхэн уйллаа..Хүү минь ч гэсэн намайг тэврээд уйлаад л байсан. Биднийг уснаас арай чүү эрэг рүү алхан ирэхэд голын өтгөн шугуй дотроос гарч ирцгээсэн манайхан таарч "үгүй ээ та хоёр чинь хувцастайгаа усанд орчихоо юу" гэж инээлдэхэд усны аюул ямар их анир чимээгүй агаад хормын төдий болоод өнгөрдгийг аав хүү хоёр мартахын аргагүй мэдэрч зогссон юм даа.

Миний хүү тэр их гүнзгий хөлгүй цэлэлзэх ус руу унаад хэд хэдэн удаа ус залгиад амьсгал авч чадахгүй болохоороо цээж рүүгээ хоёр гараараа хүчтэй дэлдэж үзээд амьсгалж болохгүй болохоор нь тэнгэрт очвол ямар байх бол гэж бодсон гэнэ лээ.. Энэ тухай тайвширсан хойно нь сонсоод хүүгээ маш ихээр өрөвдөн хайрлаж билээ. 
Нэг хором нэг алхам алдахад л бүхэл амьдрал урсан одох аюул эрсдэл хэнд ч хамаагүй гэнэтхэн ирдгийг би биеэрээ мэдэрсэн учраас үүнийг бичиж та бүхэнд анхааруулж буй нь энэ юм. Гол усыг басаж болохгүй шүү.

Н.Баясгалан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.9.40.234) 2025 оны 03 сарын 13

Zurag ni bol harhorin sumiin tolgoin boolt gedeg gazar aa shar us geed b.g a hvn ch dee zailuul estoi nuguu suga b.na daa

1  |  0
Зочин(202.9.43.59) 2025 оны 03 сарын 13

гол гэсэн чинь шар ус л байна шүү дээ.

1  |  0
зочин(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

байгаль ээжий хайр энэрлээ өгч тусалсан бна. үнэхээр азтай бна.

1  |  0
Top