Сар гаруйн өмнө Ботаникт байрлалтай “Wellmart” худалдааны төвийн хоёр давхарт гал гарч, түрээслэгчид болон тус төвд нэлээд хохирол учруулсан билээ.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Орос 3-р сургуулийн хажууд байрлах “Саруул” захад энэ сарын 12-ны үүрээр гал гарчээ. Галыг Онцгой байдлын шуурхай албанаас унтраасан байна. Захын хоёр давхарт гал гарч, гэр ахуйн барааны 2-3 тасгийн бараа шатсан байна.
Одоогоор галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
"Саруул" захын хоёр давхарт 15-16 орчим тасаг /павилон/ байдаг байна. Эдгээр тасаг дундаас гэр ахуйн бараатай хэсэгт гал гарчээ. Түрүүслэгчдийн хэлж байгаагаар бичиг хэрэг, гэр ахуйн барааны тасагт гал гарч, бичиг цаастай тасаг бүхэлдээ шатжээ.
Сүүлийн жилүүдэд томоохон худалдааны төвүүд цахилгааны утаснаас үүдэн шатах тохиолдол нэлээд гарах болсон. Жишээлбэл, өнгөрсөн жил “Sunday” худалдааны төвд гал гарч байсныг иргэд санаж буй биз ээ.
Эргэн сануулахад, “Саруул” захад 2013 оны тавдугаар сард гал гарч их хэмжээний хохирол учирсан ч хоёр тэрбум төгрөгийн засвар хийж, шинэчилснийг “Монгол глобал” компанийн удирдлагууд мэдэгдэж байсан юм. Тухайн үед 100 гаруй хүн түрээслэн ажиллаж байсан “Саруул” захыг “Саруул маркет” болгон өргөтгөж, ажлын байрыг дахин 100 хүнээр нэмж байжээ. Тэгвэл энэхүү захад дөрвөн жилийн дараа дахин гал гарч, түрээслэгчид болон тус компанид хохирол учраад байгаа бөгөөд холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Sanaataigaar gal tavij bgaa shuu dee. Zah zeeliin orsoldoon gej uhamsargui humuust alaltsaan yum bna daa