Бурхан Халдун ууланд гарсан галыг унтраажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 07

 Бурхан Халдун ууланд гарсан галыг “Монголын Пажеро” клубын залуус цаг алдалгүй унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө Бурхан Халдун хайрханы  дунд овоо арц, хүж, зулын галаас гал алдаж, ой мод руугаа гал үсэрч ойр орчмын 3, 4 мод шатжээ. Энэ үед “Монголын Пажеро” клубын залуус таарч, тухайн орчимд байсан найман залуу болон байгаль хамгаалагч нартай хүч хавсран гал түймрийг яаралтай унтраажээ.

Сар шинийн баярын өдрүүдээр Сүхбаатар аймагт хорио тавьснаас үүдэн Шилийн Богд уулыг зорихоор төлөвлөж байсан иргэд олноороо тус хайрханыг зорьж Хайрханы орчимд хог хаягдлаа ил задгай хаях нь ихэссэн байна. Тиймээс клубууд нэгдэн тухайн орчимд цэвэрлэгээ хийж хог хаягдлыг зайлуулах ажлыг зохион байгуулж байсан билээ.

Тухайн орчны хамгаалалтын захиргаа хараа хяналтаа сайжруулж тухайн бүс нутгийн аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг энэ удаагийн галын аюул тод томруун харуулж өглөө гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(202.179.25.51) 2025 оны 03 сарын 13

Залууст маш их байрлаж байна. Өөдрөг сайхан мэдээ байна.

1  |  0
Top