Байгаль эхийн буян хишгийг хүртэх сайхан ч асуудал мундахгүй. Жил бүрийн самар, жимсний ургацын үеэр холбогдох байгууллагуудаас анхааруулга өгдөг ч хордолого гэдэсний халдварт өвчин, ойд төөрөх, цаашлаад ой хээрийн түймэр гэх мэт хүндрэлүүдийг иргэд бий болгосоор байна.
Хугацааны хувьд түүхий самар түүж хэрэглэх явдал жил бүр гардаг ч арга хэмжээ авах боломж төдийлөн байхгүй гэж болно.
Хуш модны самрын болц аравдугаар сарын 15-наас эхэлдэг бөгөөд “Ойн дагалт баялаг хамгаалах, зохистой ашиглах журам”-аар энэ үеэс самар түүх албан ёсны зөвшөөрлийг олгодог.
Журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага ойгоос шинжилгээ, судалгааны зориулалтаар нэг удаа 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар нэг удаа 25 кг хүртэлх дагалт баялаг түүж бэлтгэхийг зөвшөөрдөг байна. Зөвшөөрлийг орон нутгийн Ойн ангиар дамжуулж олгох бөгөөд ойн анги байхгүй тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч олгоно.
Харамсалтай нь бүтэн сар дутуу байхад самар хотын гудмаар худалдаанд гарчээ. Иргэдийн эрүүл мэнд төдийгүй байгаль эхэд тун халгаатай тухай бид дурьдсаар л байна.
Болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахдаа хялбар биш учир модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалан түүж, хуш модны гол иш, титмийг гэмтээдэг. Түүнчлэн болц гүйцээгүй самар нь давирхайлаг учир нян, вирусаар амархан бохирдож, халдварт өвчин тараах нөхцөл болдог аж. Иймд холбогдох хууль, журамд заасан хугацаанд нь самрыг түүж бэлтгэх хэрэгтэйг иргэдэд анхаарах хэрэгтэй.
Манай орны байгалийн ойн талбайн 5.6 хувь, ойн нөөцийн 9.2 хувийг хушин ой эзэлдэг ч энэ мэтчилэн замбраагүй самар түүлтийн үе эхлэхэд ой хээрийн түмэр газар авах нэг шалтгаан болдог байна.
Мөн энд хүнсний аюулгүй байдал ноцтой зөрчигдөж гар дээрээс наймаа эрхлэгчид Нарантуул захын 00-ын үүдэнд ч зарж байх жишээтэй. Цаашлаад урд хөршрүү хилээр хууль бусаар цайруулсан самар их хэмжээгээр гаргадаг олон баримт бий.
Жил бүрийн намар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар төдийгүй олон нийтийн шүдний өвчин болсон энэ асуудал дээр тодорхой хууль журмыг мөрдүүлж хэвших цаг нь аль хэдийнэ болжээ.

Сэтгэгдэл ( 0 )