Тувад монгол бүсгүйг шатаасан хэргийн мөрөөр

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 04

ОХУ-ын нутагт монгол эмэгтэй өнгөрсөн долдугаар сард амиа алдсан юм. Бүсгүй гадны нөлөөтэйгээр машиндаа шатаж амь эрсэдсэн гэдгийг ОХУ-ын хуулийнхан тогтоосон аж. Өөрөөр хэлбэл, түүний амийг хөнөөсөн нь тодорхой болжээ. Хүний нутагт монгол эмэгтэй амиа алдсан хэргийг нэхэн сурвалжлахаар манай сэтгүүлч Увс аймаг цаашлаад Туваг зорьсон юм.

-ТАЛИЙГААЧ БИЗНЕС ХИЙДЭГ БАЙЖЭЭ-

Биднийг Увс аймгийн төв Улаангомд очиход ОХУ-ын нутагт амиа алдсан эмэгтэйн талаарх явган яриа тарсан байв. Хүмүүс сумдын ой, баяр наадмын сонин хачин ярихын зуурт ёс мэт уг хэргийн талаар цуурах юм. "Янзага дэлгүүрийн эзэн Орост явж байгаад тувачуудын гарт амиа алдсан. Зам тээврийн осолд орсон байх", "Оросын мафи энэ хэргийг үйлдсэн гэсэн", "Тувагийн дээрэмчид монголчуудыг явуулахаа больсон байна. Орос, Монголын хооронд наймаа хийж байгаа хүмүүсийг хараандаа авч нэг, нэгээр нь дарамталж эхэлсэн. Тэдний дарамтад байсан нэг эмэгтэй амиа алдсан нь тэр. Одоо Тува, Абакан руу наймаа хийхээр явна гэж саналтгүй болсон", "Машиныг нь мод тэгнүүлж байгаад шатаасан байна лээ. Олон хүн энэ хэргийг үйлдсэн байж таарна", "Их мөнгөтэй явсан юм гэсэн. Түүнийг нь дээрэмдээд машинтай нь шатаасан хэрэг" гэх зэргээр хүмүүс ярьж байлаа. Талийгаачийн талаар "Их хөрөнгөтэй хүн байсан юм. Түүнийгээ эдэлж чадсангүй", "Увсын наймаачид дундаас анхлан үйлчилгээний төв нээж бизнес эрхэлсэн цөөн хүний нэг", "Зах зээл эхэлснээс хойш л наймаа хийж саяхнаас хөл дээрээ тогтож байсан юм. Гэтэл настай аав, ээжийгээ орхиод хүний газар амиа алдчихлаа" гэцгээнэ.

Талийгаач Ц.Оюунгэрэл 1971 онд Увс аймагт төржээ. Зах зээл эхэлснээс хойш нөхөртэйгээ Орос руу явж наймаа хийж эхэлсэн гэнэ. Улмаар Улаангомын VII багт "Янзага" орос барааны дэлгүүр нээсэн нь аймагтаа анхныханд тооцогддог юм байна. Нийслэлийнхэн "Нэгдүгээр дэлгүүр", "Дөрөвдүгээр дэлгүүр" гэхээр анддаггүй шиг Увсын жаахан хүүхэд ч "Янзага" гэхээр орос дэлгүүрийг заагаад өгчихнө. Нэг их том дэлгүүр биш ч орос сав суулга, хүнсний бүтээгдэхүүн нь бусад дэлгүүрээс илүү харагдана лээ. Талийгаач нөхөртэйгээ хамт энэ дэлгүүрийг Увсын "Их дэлгүүр" гэж харагдахуйц болготол Оросоос аль чанартай гэсэн барааг нь зөөсөн гэдгийг хүмүүс ярьсан. Харамсалтай нь одоогоос гурван жилийн өмнө нөхөр нь аймгийн төвд зам тээврийн ослоор дайруулж амиа алджээ. "Орой гэрээсээ гараад зам гарч яваад ачааны машинд дайруулсан. Бизнес сэтгэлгээтэй сайн залуу байсан юм" гэж хүмүүс ярьсан. Нөхөр нь нас барсны дараа аав, ээж, дүү нарынхаа дэмээр наймаагаа бизнесээ үргэлжлүүлж  “Увс плаза” зочид буудал, караоке бүхий үйлчилгээний төв байгуулжээ. Тус үйлчилгээний төв нь Улаангомын захын ойролцоо байдаг юм байна.

Талийгаач аймгийн бизнес эрхлэгчдийн холбоо, эмэгтэйчүүдийн зөвлөгөөн зэрэгт оролцдог олонтой, идэвхтэй нэгэн байсан гэдгийг хүмүүс ярьсан.

 

-ОРОСТ ГАНЦААРАА МАШИНТАЙГАА ЯВДАГ БАЙЖЭЭ-

Талийгаач Ц.Оюунгэрэл өнгөрсөн долдугаар сарын 7-ны өдөр Хакасын нийслэл Абакан руу явахаар гэрээсээ гарчээ. Ингэхдээ машинтайгаа ганцаараа явжээ. Тэрээр сүүлийн жилүүдэд наймаа хийхээр Орос руу явахдаа машинаараа ганцаараа явчихдаг байсан аж. Хил хооронд бараа зөөх, хотоос хот дамжихад унаагүй явах хүндрэлтэй учраас олон жил наймаа хийсэн хүмүүс ихэвчлэн хувийнхаа машинаар хил гардаг болсон гэнэ. Талийгаач Орост сүлжээ барьдаг МТС операторын гар утастай байж. Орост явахдаа тэр утсаараа гэр рүүгээ холбоо барьдаг. Мөн Орос дахь түншүүдтэйгээ холбогддог байна. Гэтэл гэр рүүгээ ч, найз нөхөд рүүгээ ч, Орос дахь түншүүд рүүгээ ч яриагүй аж. Бүр уулзахаар төлөвлөж гарсан түнштэйгээ ч холбогдоогүй сураггүй болсон гэнэ. Ар гэрийнхэн нь талийгаачийн орос дугаар руу залгасан ч холбогдохгүй байсан аж. Наадмын тав хоногийн амралтаар хил ажиллахгүй байсан учраас талийгаачийг Орост байгаа гэж найдаж байсан гэнэ. Хил нээгдэхээр буюу долдугаар сарын 16-нд хүрээд ирэх байх гэж гэрийнхэн нь хүлээж байжээ. Гэтэл тэр өдөр бас л сураггүй байж. Ингээд ар гэрийнхэн нь эрэл сурал болж долдугаар сарын 17-нд Тувад суугаа Монгол Улсын консул руу талийгаачийн ээж утсаар ярьж охин нь сураггүй болсон талаар дуулгажээ.

Өөрөөр хэлбэл, талийгаачийг гэрээсээ гарснаас хойш арав хоногийн дараа албаны хүнд хэл дуулгасан гэсэн үг. Тухайн үед консул Увс аймагт явж таарч. Консул ар гэрийнхэнтэй нь уулзаж, Кызыл дэх Монгол Улсын консулын газар руу утсаар ярьж Тувагийн нутаг дэвсгэрт эрэн сурвалжлуулах хүсэлт бүхий албан бичиг үйлдүүлжээ. Консулынхан тэр өдрөө хуулийнханд уг бичгээ хүргүүлсэн байна. Ингээд тэр өдөр эрэн сурвалжлах ажиллагаа эхэлжээ. Цагдаа нар талийгаачийн машин шатаасныг долдугаар сарын 21-нд олсон байна. Эргүүл хийж байсан цагдаагийн алба хаагчид Ак-Довурак хотоос Абакан хот руу явдаг төв замаас зүүн хойд талд 300 метрийн зайд хонхор газарт шатсан машин байгааг олсон нь эрэн сурвалжилж байсан эмэгтэйнх байжээ. Жолооны ард сууж байсан хүн бүхэлдээ шатсаныг мөрдөн байцаагчид тогтоожээ. Талийгаачийн машин гадны нөлөөтэй шатсан болох нь ч тодорхой болсон аж. Энэ талаарх албан ёсны мэдээллээ Консулын газарт гурав хоногийн дараа мэдэгдсэн аж. Талийгаач бусдын гарт амь үрэгдсэн нь сураггүй болсноос хойш 17 хоногийн дараа тодорхой болсон нь тэр.

Үргэлжлэл бий Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

logo

WWW.DNN.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ub resident(202.179.29.223) 2025 оны 03 сарын 13

tuva nar ix zerleg ulsuud...uuniig n orosuud oogshuulj arxichin bolgoson...alsan xuni tuva...alsan arga n oros...

1  |  0
Top