Монголд цацрагийн үүсгүүр хэрэглэдэг 252 байгууллага бий

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 21

Дэлхий нийтэд цөмийн технологийн энхийн хэрэглээ энэ мэтчилэн өдрөөс өдөрт нэмэгдэж, Монгол Улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэвтэрч байгаа үед цөмийн болон цацрагийн хяналтыг тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай юм. Иймээс Цөмийн энергийн газар нь Монгол Улсад цацрагийн үүсгүүр хэрэглэж буй бүх аж ахуйн нэгжид хяналтаа тавьж, олон улсын стандартыг хангуулан ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар 252 аж ахуйн нэгж 935 цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа гэх тоон мэдээг энэ үеэр хэллээ. Үүнээс эрүүл мэндийн салбарт 164, аж үйлдвэрийн салбарт 7, бусад лабораториудад 243 үүсгүүр хэрэглэдэг байна.

Уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж буйтай холбогдон Оюутолгой ордод 58 цацрагийн үүсгүүрийг ашигладаг бол Эрдэнэт үйлдвэрт 165 үүсгүүрийг хэрэглэдэг байна. Цөмийн энергийн газар тэдгээр бүх цацрагийн үүсгүүрт хяналт тавьж, ОУАЭА-ийн 34 дүрэм журмыг мөрдүүлж ажилладаг аж. Харин хэрэггүй болсон цацрагийн үүсгүүрийг изотоп конторт аюулгүй хадгалдаг байна.

Мөн хилээр орж ирэх цацрагийн үүсгүүрт хяналт тавих зорилгоор цацрагийн үүсгүүр илрүүлэгч 83 төхөөрөмжийг 15 боомтод суурилуулан хэвийн ажиллагааг ханган ажиллаж байгаа аж. Тус газрын итгэмжлэгдсэн хоёр лаборатори нь хүнсний бүтээгдэхүүн, гадаад орчин, барилгын материал, уул уурхайн бүтээгдэхүүнд цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээ, орон байрны агаар, ус, хөрсөнд радон тодорхойлох хэмжилт, рентген оношилгооны аппарат төхөөрөмжүүдэд чанарын баталгаажуулалтыг хангуулах хэмжилт, цацрагтай ажиллагчийн мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилт, гадаад орчны цацрагийн байнгын хяналт, дозиметрийн багажинд шалгалт, баталгаажуулалтын хэмжилт зэргийг тус тус хийж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top