Өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад дэмжигдэж УИХ-аар хэлэлцэхээр боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАН-ын Ц.Нямдорж тэргүүтэй гишүүдээс хуулийн төслийг буцааж, мэргэжлийнхнийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж байж хэлэлцэх ёстой гэх итгэл үнэмшилтэй болмоор байна гэсэн саналаа хэлж байсан бөгөөд хуралдааны дэгийнхээ дагуу хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд ажлын хэсэг дээрээ нухацтай ярилцая гэх саналыг гаргаж байв.
Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин төслийнхөө ач холбогдлыг тайлбарлаж “Ижил бүрэлдэхүүнтэй хэрэгт хоёр хариуцлага ногдуулж болдог хуулийн гажуудлыг засч байгаа. Зөрчил нь юу болох гэмт хэрэг нь юу болохыг ийнхүү зааснаар сонголттой байдлаар хариуцлага авах боломжийг нь үгүй болгож байгаа. Зөвхөн хуульд заасны дагуу хүний эрхийг хязгаарлах тухай Үндсэн хуулийн зарчим бий. Гэтэл өнөөдөр журмаар хүний эрхийг зөрчиж байна” гэв.
Ингээд Б.Чойжилсүрэн гишүүн хуулийн төслийг батлагдсантай холбоотойгоор гарах зардлыг лавлаж “зөвхөн эрүүгийн хууль гэдгийг зөрчлийн хууль болгосноор 200-300 хуульд өөрчлөлт орох нь. Энэ бүгдийг өөрчилсөнтэй холбоотой хэчнээн бичиг цаасны зардал гарах вэ” гэсэн бөгөөд “энэ шинэтгэл нь гаргах зардлаас хавьгүй ач холбогдолтой. Хуулийг өөрчилснөөс үүдэн төсөвт ногдох тодорхой зардал гээд байх зүйлгүй” гэсэн хариулт авсан байна.
О.Баасанхүү, Ц.Нямдорж нар төслийг буцаах талаас нь тайлбарууд хийсэн нь гишүүн Лу.Болдыг горимын санал гаргахад хүргэж ямартаа ч хэлэлцэхийг нь эхлээд шийдчихье гэсэн санал хураалт явуулав. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх түүний саналыг дэмжив.
Ийнхүү асуулт хариулт, саналууд үргэлжилсээр уг төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих эсэх тухай санал хураалт явуулсан бөгөөд олонх дэмжсэнээр уг хуулийн төслүүд УИХ-ын босгыг алхан орж ирлээ.
Хууль зүйн байнгын хорооны даргын хэлснээр ажлын хэсэг байгуулагдаж, анхны, хоёр дахь, гурав дахь хэлэлцүүлэг гээд энэ хуулийг хэлэлцэхэд УИХ хэдэн сарын ажлаа зарцуулах нь ойлгомжтой болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )