Орон сууцны талбайн метр квадратад иргэд гомдол санал ШӨХТГ-т ирүүлэх болсон. Тийм учраас ШӨХТГ болон Барилга хот байгуулалтын яам, Стандарт хэмжилзүйн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран орон сууцны метр квадратад хяналт шалгалт хийж эхэлсэн. Энэ хугацаанд 50 орчим компанийг шалгуулах хүсэлт илгээсэн байна. Эдгээр байгууллагаас метр квадратаа дутааж иргэдийг хохироогоод байгаа гурван компани байгаа аж. “Эм Ди Топ”, “Тайгам алтай”,”Тектоник” ХХК зэрэг компаниууд юм байна. Эдгээр компаниуд иргэдийг их хэмжээгээр хохироосон ба хохирлыг нь барагдуулахгүй байгаа учраас тус бүрт нь 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.

-Өнгөрсөн оноос хойш байрны метр квадраттай холбоотой шалгалт хийсэн. Энэ хугацаанд хэчнээн хүн танай байгууллагад хандаад байна вэ?
-ШӨХТГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлээд байрны метр квадратад холбогдох шалгалт хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 50 орчим компанид холбогдох иргэдийн гомдол ирчихээд байна. Үүнээс 26 компани иргэдийн хохирлыг барагдуулсан байгаа. Иргэдийг их хэмжээгээр хохироосон “Тайгам Алтай” буюу “Алтай” хотхон, "Ханс Вилл" хотхоны “Тектоник” ХХК, “Эм Ди Топ” зэрэг компаниуд иргэдийн хохирлыг барагдуулахгүй байгаа. Эдгээр 50 орчим компани дээр 560 гаруй иргэд гомдол ирүүлсэн. Гомдол гаргасан иргэдийн тоогоор хохирлын хэмжээг тогтооход гурван тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс 1 тэрбум төгрөгийг иргэдэд төлж, хохиролгүй болгосон.
-Дээрх гурван компани иргэдийг их хэмжээгээр хохироосон гэж хэллээ. Тэгэхээр яг хэдэн төгрөгөөр хохироогоод байна вэ?
-Зөвхөн энэ гурван компани иргэдийг 1.5 тэрбум төгрөгөөр хохироогоод байна. Хохирлыг харгалзаж үзээд тус бүрийг 10 сая төгрөгөөр торгоод байна.
-Маш олон хүнийг хохироочихоод байхад 10 сая төгрөгөөр торгох нь хэтэрхий бага шийтгэл биш үү?
-Хуулийнхаа дагуу авч байгаа арга хэмжээ энэ л дээ. Өөр арга байхгүй. Энэ торгуулийн хэмжээнээс гадна цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Иргэдийг гэрээгээр халхавчилж залилсан байж магадгүй гэж хандсан боловч хэрэгсэхгүй болгосон. Мөн дээрээс нь дээрх гурван компани иргэдээс мөнгө авахдаа хувийн данс руу шилжүүлсэн гэх баримт байгаа учраас шалгуулахаар өгсөн байгаа.
-Энэ гурван компанис гадна томоохон компаниудын нэрийг яагаад зарлахгүй байна вэ. Тухайлбал “Хурд” группийн барилгыг шалгуулахаар иргэд гомдол гаргасан гэсэн?
-“Хурд” групп бусад барилгын компаниудтай адилхан маш олон барилга барьсан. “Хурд” группын нэр дээр ирж байгаа иргэдийн гомдол их цөөхөн байгаа. Энэ хугацаанд 12 иргэнээс гомдол ирсэн. Эдгээр хүмүүстэй өөрсдөө тохиролцсон учраас нийтэд зарлаагүй. Иргэдийн гомдлыг барагдуулахгүй бол нэрийг олон нийтэд зарлаж байгаа. Хохирлоо барагдуулсан бол нэрийг зарлах шаардлагагүй гэж үзэж байгаа.
Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл ( 0 )