Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг бүх сэтгүүлчдэдээ хүргэе
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнөөдөр гишүүн орнуудын Засгийн газруудад хандан хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.
Бүх дэлхийд хэвлэлийн эрх чөлөөг хангах ажилд Засгийн газруудыг зайлшгүй оролцохыг уриалсан нь хэд хэдэн үндсэн шалтгаантай. Тухайлбал, өнгөрсөн онд 70 сэтгүүлч бусдын гарт амиа алдаж, 211 нь баривчлагдсан. Мөн 2014 он гарсаар 14 сэтгүүлч алуурчдын гарт өртсөн гэх эмгэнэлт тоо бий.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн эдгээр баримтыг дурдаад “Дэлхий дахинд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах аюулын харанга дэлдэж эхэллээ. Тэднийг худалдан авахыг оролдож, ажлыг нь боомилсон хуулиуд батлахыг санаархах явдлууд гарах болов. Үүнийг НҮБ, олон улсын бусад байгууллагууд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хатуу анхааруулъя” гэжээ.
Энэ онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргасан цоо шинэ удирдамжийн дор зохион байгуулна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргасан тунхагийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сурвалжлагчдыг хүчирхийллээс хамгаалахаар болсон.
Сэтгүүлзүйн залуу, халуун салбар-Онлайн медиа
Онлайн сэтгүүлзүй анх хөгжихдөө чухам эрх чөлөөтэй байсан гэж судлаачид үзжээ. Харин сүүлийн таван жилийн дотор интернетийн сэтгүүлзүйн эрх чөлөө хумигдаж байгаа аж. Олон улсад онлайн сэтгүүлзүйн хөгжил ямар түвшин байгааг дараах мэдээллээр таницуулъя.

-“Хил хязгааргүй нийтлэлчид” олон улсын байгууллагын судалгаагаар, сүүлийн жилүүдэд Засгийн газрууд тагнуулын сүлжээгээр дамжуулж онлайн сэтгүүлзүйг шүүж, хянаж, эрх мэдлийн хүрээнд нийтлэлийн чиглэлээр хөтлөх асуудал гаргах нь олон болжээ. Мөн Facebook, Youtube, Twitter-ийн сүлжээг хаах, шууд хяналт тавих нь олширсон. Хамгийн сүүлд л гэхэд Хятад, Иран, Турк, Пакистанд олон нийтийн сүлжээг шат дараатайгаар хаасан ба үүнд Засгийн газар шууд оролцсон юм.
-Онлайн сэтгүүлзүйд хаалт болдог дараагийн асуудал нь интернет хандалт, сэтгэгдэлд хязгаар тавих, эсвэл шууд хаах тухай хууль, журмууд газар авсан байна. Тиймээс Олон улсын Онлайн сэтгүүлчдийн холбоо, НҮБ-аас онлайн сэтгүүлзүйг хүний эрхтэй холбохоор ажиллаж байгаа аж.
-Онлайн сэтгүүлзүйд хориг тавьсан асуудлуудаас хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 2-нд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевийн санаачилж, батлуулсан Харилцаа холбооны тухай шинэ хууль олон улсын анхаарлыг татаж байна. Ингэснээр Накарбаевийг дэлхийн дарангуйлагчдын тоонд оруулжээ. Учир нь шинэ хуулиар эрх бүхий байгууллагууд шүүхийн шийдвэргүйгээр цахим хуудас, блог, олон нийтийн сүлжээг шууд хаах эрхтэй болсон юм.
-Алабамагийн блогч Рожер Шулэр гэгч Амбан захирагчийн хүүгийн удаа дараа танхайрч, хар тамхины наймаанд орооцолдсон ч ямар нэг хариуцлага үүрээгүй талаар цуврал нийтлэл бичсэн. Түүний бичсэн бүхэн хөдөлшгүй баримтад суурилсан ч түүнийг шүүхээс бусдыг гүтгэсэн гэж үзэн таван сар хорих ялаар шийтгэжээ. Түүнийг шоронд хоригдоод нэг их удаагүй байхад сулласан ч эрүүдэн шүүсэн ул мөр биенд нь үлдсэн аж.
-Засгийн газрууд тандалт, тагнуулын систем, шинэ технологиудад мөнгө хайрлахгүй болсон талаар “Хил хязгааргүй нийтлэлчид” тайландаа дурджээ. Өнгөрсөн сарын 4-нд Брюссельд болсон Хүний эрхийн чуулга уулзалтын үеэр эрх баригчдын зүгээс Үндэсний тагнуулын албадыг хүний эрхийн эсрэг ашиглаж байгааг шүүмжилсэн байна. Тухайлбал, дэлхийн хэмжээнд өнгөрсөн онд таван их наяд ам.долларыг хяналт, тандалтын системд зарцуулсан гэх тооцоо гарчээ.
-“The Bobs”, “Deutsche Welle”-д дэлхийн 3000 гаруй вэб сайт бүтээлээ ирүүлсэн ба энэ нь онлайн хэрэглэгчдийг эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэхэд нь тус болох зорилготой уралдаан юм. Тэд хүмүүс үзэл бодлоо хамгийн чөлөөтэй илэрхийлэх арга зам нь интернет гэдгийг энд тодорхойлжээ. “The Bobs”-ын зүгээс дэлхийн интернет хэрэглэгчдийг хэл, үл ойлголцлын гацаанаас гарч, нэгдмэл байлгах үүднээс 10 жилийн өмнөөс төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоо хүн төрөлхтөн 14 орны хэлээр мэдээллийг хүлээж авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, төсөлд багтсан вэб сайтууд дээрх 14 орны хэлээр мэдээллийг нэгэн зэрэг түгээж, хүлээж авдаг болсон юм.
-Онлайн сэтгүүлзүйн эрх чөлөөг хамгаалагчдын санааг зовоосон нэгэн асуудал гарч ирсэн. Үүнийг Арменийн Засгийн газар гаргасан ба гуравдугаар сарын 30-наас нийт арменчуудыг коджуулж байгаа. Ингэснээр иргэд өөрийн кодоор интернетэд санал сэтгэгдлээ үлдээхээс өөр аргагүйд хүрч байгаа юм. Мөн сайтуудын мэдээлэлд шууд төрөөс мониторинг хийхээр зохицуулсан байна.
-Туркийн Харилцааны холбооны Дээд зөвлөлөөс Youtube-ийг хаах шийдвэр гаргасан. Энэ нь Ерөнхий сайдтай холбоотой ба тэрбээр өөрийнхөө энэ үйлдлийг нуугаагүй юм. Энэ сүлжээнд Гадаад харилцааны сайдын нууц яриа, Сирийн дайны олонд цацагдаагүй хаалттай бичлэг зэргийг байрлуулснаас ийм арга хэмжээ авсан аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )