Хүний наймаанд өртсөн бүсгүйчүүдийг эх оронд нь авчирлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 02

УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2014 он гарснаас хойш Филиппин, Индонез, БНХАУ-аас хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирсон долоон бүсгүйг эх орондоо авчирчээ. Хүн худалдаалах гэмт хэрэг жил ирэх тутам өсч байгаа бөгөөд 2010 оноос хойш 53 холбогдогчтой, 46 эрүүгийн хэрэгт 134 эмэгтэй хохирсон байна.

Зүүн өмнөд Азийн орнууд болох Малайз, Индонез, Филиппин, Сингапур, Макао зэрэг орнууд болон тус хэсэгт хамаардаг АНУ-ын Сайпан гэх мэт жижиг арал руу охид, эмэгтэйчүүдийн явуулахдаа эцэг эхчүүд, ар гэрийнхэн нь онцгой анхаарч, хяналт тавих шаардлагатай байгааг тус хэлтсээс өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр онцолж байв.

Сүүлийн үед монгол охид нэг нэгнээ худалдаалах, зуучилдаг хачирхалтай хэргүүд гарах болсон тухай Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга дэд хурандаа Б.Батзориг ярьлаа. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард АНУ-ын иргэн М гэгч нь Монголын 15 охиныг АНУ-ын харьяа Сайпан арал руу ширээний хүүхэн үйлчлэгч нэрийн дор худалдаалахаар явуулах гэж байгаад баригдсан.

Тус хэлтсээс судалснаар Зүүн өмнөлд Азийн орнуудын чиглэлд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж болзошгүй, 200 орчим эмэгтэй байдаг аж. Гэвч баттай бус мэдээгээр 400-450 орчим гэж үздэг байна. Тухайн орнуудад ар гэрийнхэндээ үнэнээ хэлдэггүй, сурахаар явж байгаа, оюутан солилцоонд хамрагдсан гэж худал хэлдэг, 17-34 насны охид, эмэгтэйчүүд ихэвчлэн өртдөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top