ХХЕГ-ын хурандаа нар тендер зувчуулсан уу

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 05

Хуульзүйн сайд Х.Тэмүүжин танаа, удирдаж буй салбарт тань үүссэн нөхцөл байдлыг шалгаж өгөөч ээ хэмээн хүсч байна.

ХХЕГ-ын хувцас, хангамжийн тендертэй холбогдсон булхайтай асуудлуудыг бид олон нийтийн захиалгаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Өмнөх цувралуудад алба хаагчдын гэр бүл, төрөл төрөгсдийн гомдол санал, үүссэн нөхцөл байдал, тендерт “шалгарсан” гэх компаниудын талаар бичсэн.

Харин энэ удаа тендерт нэр холбогдсон гэх албан тушаалтан, хурандаа нарын тухай хүргэж байна. Тендер шалгаруулалт эхнээсээ “но”-той болсон бөгөөд өмнөх жилүүдэд ч ХХЕГ-ын шалгаруулалтад тэнцэж байсан хэд хэдэн компани энэ онд ч хилийн цэргүүдийн хангамжийг нийлүүлэхээр болсон байгаа.

Хамгийн гол нь, тендерийг шалгаруулахдаа хамгийн бага үнийн санал хэлсэн компаниудыг онцолдог гэсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн бага үнээр бараа материал нийлүүлэхээр санал ирүүлсэн компаниудыг сонгодог юм билээ.

Харин тендерийн Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Ч.Сайнтөр, Т.Сүхбаатар, Д.Аваадорж, С.Нэргүйбаатар, О.Батзориг, Д.Бат-Эрдэнэ, В.Дамдинсүрэн, С.Эрдэнэбулган, Ч.Лхагважав, Б.Хатантуул, М.Жаргалмаа нарын 11 хүн багтдаг аж.

Эдгээрээс М.Жаргалмаа л Оёдлын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, бусад нь ХХЕГ-ын газрын дарга нар, хурандаа нар, мэргэжилтнүүд, Хуульзүйн яамны холбогдох албаны ажилтан байгаа.

Бидэнд ирүүлсэн мэдээллээр тендерийн үнэлгээний хороонд багтсан 11 хүнээс Ч.Аваадорж, С.Нэргүйбаатар, О.Батзориг нарын албан тушаалтнууд шалгаруулалтад зориуд нөлөөлсөн ажээ. Тодруулбал, ХХЕГ-ын энэ онд зарласан тендерт ор дэрний цагаан хэрэглэл, хөвөнтэй хөнжил нийлүүлэх шалгаруулалтад “тэнцсэн” “Ворлд Фокус” компани  гэж бий.

Компанийн танилцуулга нь аялал жуулчлал, боловсрол зуучлал юм билээ. Харин яагаад ч юм ХХЕГ-ын тендерт жил дараалаад оролцож, бүр ялаад байдаг нь сонин. Сонсох нь энэ компанийн ард ХХЕГ-ын Төлөвлөлт, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Аваадорж, ХХЕГ-ын Тамгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Гантөмөр байдаг гэх юм билээ.

Ямар ч байсан, “Ворлд Фокус” компани 2014 оны гуравдугаар сарын 12-нд ор дэрний цагаан хэрэглэл нийлүүлэхээр ХХЕГ-тай гэрээ байгуулж, 102 сая 600 мянган төгрөгийн гэрээний дүнг атгаад авсан. Мөн өдөр бас хөвөнтэй хөнжил нийлүүлэхээр гэрээлж, 7 сая төгрөгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, ХХЕГ-ын энэ оны тендерээс нийт 109 сая 600 мянган төгрөгтэй болсон гэсэн үг.

Олны яриагаар бол, “Ворлд Фокус”-ын захирал Шинэбаярын “хуурай” ах Д.Гантөмөр хурандаа, тендерт дэмжигч нь Д.Аваадорж хурандаа. Өмнөх жилийн савхин бээлийний тендерт ч бас ийм журмаар ялсан гэх.

Дараагийн асуудалтай тендер нь, цэрэг, офицеруудын тэмдэг, савхин бээлий нийлүүлэхээр шалгарсан “Жи Эм Жи Өү” компани. Гэрээний үнийн дүн нь нийлээд 24 сая 975 мянган төгрөг. Мөн л энэ оны гуравдугаар сарын 12-нд гэрээ байгуулсан. Мэдээлэл нь төдийлөн байхгүй. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн хэдий ч хангамжийн тендерт оролцоод, бас ялаад амжсан.

Гэхдээ хээрийн ноосон цамц шалгаруулах тендерт “Колонел”, “Жи Эм Жи Өү” хоёр л өрсөлдсөн аж. Уг нь шалгаруулалтын журам ёсоор “Колонел” компани 88 сая төгрөгийн үнийн санал буюу хамгийн бага үнийг хэлсэн ч ямар нэг шалтгаанаар хасагдаж, өрсөлдөгч нь түрүүлжээ. Энэ асуудлыг ХХЕГ-аас тодруулахад “Колонел” компанид аудитын асуудал байгаа гэсэн. Эндээс харахад “Жи Эм Жи Өү” угаасаа ялах ёстой байсан юм шиг.

Хилийн цэргийнхний хээрийн ноосон цамцыг тэнд ажилладаг /дарга нараас бусад нь/ хэнбугай нь ч хэлээд өгнө. Хоёр гурван угаалтын ая даалгүй дарвайж сунадаг, хөлрүүлдэг, зэгэл даасан өнгөтэй, ноосон биш хиймэл материалаар хийсэн, дааруулдаг гээд тоочоод байвал асуудал тун олон. “Жи Эм Жи Өү” чухам хаанаас, ямар нөхцөлөөр, хэр чанартай цамц авчрах нь тодорхойгүй.

Дараагийн цувралаараа илүү өргөн хүрээний мэдээлэл хүргэх болно.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Погроничник(202.179.11.94) 2025 оны 03 сарын 13

Хөрөнгө оруулалт барилга захилагчийн албаны дарга чинь тендерийн хороонд орохгүй яахав дээ

1  |  0
Nergyibaatar(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

Hergyibaatar gej ene hyn haana l tender baina tend yavahiin i mungunii sonirholtoi hyn ium bileedee.

1  |  0
Top