Ч.Баттуулын 23 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ч.Баттуулын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ. Хуралдаанаар Ч.Баттуулд оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Анхан шатны шүүхээс Ч.Баттуулыг шунайхайн сэдлээр хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутган 23 жилийн ял оноосон. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргасан юм. Харин Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийг хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж, Ч.Баттуулын ялыг хэвээр үлдээлээ.

 

   Харин Ч.Баттуул энэ хэрэгт өөрийгөө хэлмэгдсэн гэж үздэгээ шоронгоос илгээсэн захиагаараа мэдэгдэж байв. Тодруулбал, хэрэгт оролцоотой М.Жаргалан хэргээс Ч.Баттуулыг хэлмэгдүүлж өөрөө хэргээс мултарсан гэж яллагдагчийн ар гэрийнхэн үзэж байна. Ч.Баттуулын өмгөөлөгчид хоёр шатны шүүхээс Ч.Баттуулыг гэм буруутайд тооцож, 23 жилийн ял оноосныг эсэргүүцлээ. Тиймээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандан гомдол гаргахаа мэдэгдэв.

 

     Ч.Баттуул нь 2012 оны нэгдүгээр сард өөрийн багш Жон Мартин Кийнийг Монголд “Шүрэн Гүүр” зочид буудалд барьж, ажиллуулья гэж авчирсан гэдэг. Улмаар авчирсан өдрийнх нь маргааш Цонжинболдогт аваачиж буудаж хөнөөснийг УМБГ-аас тогтоосон юм. Харин Ч.Баттуул Жон Мартин Кийн нь хар тамхи худалдахаар манай улсад ирсэн. Улмаар М.Жаргалан нарт зарах гээд үнэ тохиролцож чадалгүй амиа алдсан. М.Жаргалан нар нь өөрийг нь дарамталж, хэргийг үүрүүлснээс өнөөдөр ийнхүү ялтан болсноо шоронгоос захиа илгээсэн захидалдаа дурдсан байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top