Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014 оны нэгдүгээр сарын 27-нд шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн тав, Хэнтий аймгийн нэг, Дорноговь аймгийн таван суманд 2 812 үхэр өвчлөн 2803 үхрийг зориудаар устгаад байна.
Дээрх сумдын нийт 2 173 792 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад олон улсын хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоож, Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд суудлын автомашин болон таван тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хязгаарлах тухай Дорноговь аймгийн Онцгой байдлын комиссын даргын шийдвэр гарчээ.
Мөн нийслэлийн Багахангай дүүргээс зүүн тийш зорчих боломжгүй болж байгаа аж.
Тиймээс нийслэлийн иргэд, жолооч та бүхнийг хорио цээрийн дэглэм, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг албан ёсоор цуцалтал дээрх аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )