Усны ид шид

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 22

Шингэн, хий, хатуу гурван төлөвт хувирахдаа шинж чанараа алддаггүй ус хэмээх бодис алмайруулам өөр нэг гайхамшгийг өөртөө агуулдаг аж. Энэ бол мэдээлэл хүлээн авч, хувилж, хуулбарлаж, хадгалж, дамжуулах чадвар нь.Үүнийг нотлохийн тулд эрдэмтэд янз бүрийн туршилт хийсэн байна.

Ямар ч хамаагүй хэмжээтэй усыг тэнцүү хувааж тодорхой зайд холдуулаад нэг хэсэгт нь физик үйлчлэл үзүүлэн бүтэц, найрлагыг нь өөрчлөхөд ийм үйлчлэлд өртөөгүй нөгөө хэсгийн усны найрлага, бүтэц хэсэг хугацааны дараа эхнийхтэйгээ адилхан болчихдог нь батлагдажээ.Пеньсилваний их сургуулийн профессор Рустум Рой “Аливаа шингэн гайхамшигтай ой санамжтай бөгөөд түүнийгээ ямар нэг нарийн эрчим хүчний тусламжтайгаар хэдэн түмэн километрт дамжуулж чадна” гэсэн нь чухамдаа энэ онцлогийг хэлсэн хэрэг байв.

Ус судлалд эргэлт гаргасан хүн бол Иокагамагийн хүрээлэнгийн ажилтан альтернатив анагах ухааны нэрт төлөөлөгч Масарү Эмото юм.Тэрээр санамсаргүй тохиолдлоор усны ой санамжийг судалж эхэлсэн байна.

1956 онд нийтээр хоморголон устгах бактериологийн хүчирхэг зэвсгийн шинэ үе бүтээх ажил нэгэн нууц лабораторит эхэллээ.Олон цагаар сунжирсан хуралдааны үеэр энэ зэвсгийн онцлогийн талаар ярилцсан юм.Гэтэл хуралдаанд оролцогч бүх хүн хүчтэй хордлогод орж, эмнэлэгт хүргэгджээ. Тэд ширээн дээр байсан савтай уснаас өөр юу ч уугаагүй.

Уг усыг шинжилтэл ямар нэгэн өөрчлөлтгүй гарсан нь мөрдөн шалгах ажиллагааг мухардалд оруулсан байна.”Жирийн уснаас хордсон гэж тайланд бичсэн ч би үүнтэй санал нийлдэггүй. Тэр ус хүмүүсийн ярианаас хортой мэдээлэл шингээн авч, молекулын бүтэц нь өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, аймшигтай туршилтыг эсэргүүцсэн хэрэг л дээ ” гэж Масарү Эмото хэлсэн байдаг.

Аливаа мэдээлэл хүлээж авсан усны химийн найрлага хэвээр боловч чанар нь ийнхүү өөр болдог гэнэ. Гурван ижил шилэн саванд адил хэмжээний ус хийгээд сарын турш өдөр бүр нэгэнд нь “баярлалаа” , нөгөөд нь “ тэнэг” гэж хэлж, харин гурав дахьд нь ямар ч анхаарал тавилгүй орхижээ.

Энэ энгийн туршилтын үр дүн гайхал төрүүлсэн аж.Үргэлж магтаал сонсож байсан ус тунгалаг сайхан байсан бол ямагт муулуулж байсан ус бараантан харлаж, гурав дахь нь өмхийрчээ.Усны бүтэц гэдэг бол түүний молекулуудын байршил,онцлогийг хэлж буй хэрэг.Үүнийг энгийн микроскопоор ч ажиглаж болно.

Тэд ой санамжийн өвөрмөц үүр болж, аливаа мэдээлэл соронзон хальсны бичлэг тэдгээрт буудаг гэсэн үг. Эрдэмтэд усны дусалд янз бүрийн дуу авиа мэдээлэл сонсгоод дараа нь түүнийгээ хөлдөөж,  мөсний талстуудад ямар хэлбэр дүрс буйг судалсан нь бас шуугиан тарьсан юм.

Хайр энхрийлэл, талархал сонссон ус зургаан өнцөгт талст бүхий маш гоё дүрс үүсгэдэг бол хараал хэрүүл сонссон уснаас ямар ч утгагүй, хүнээр бол эрэмдэг зэрэмдэг гэмээр дүрс бий болжээ.

Бетховен, Моцарт, Шопений аялгууг сонссон ус зөв хэлбэртэй,гэрэл цацарсан гоёмсог дүрс үүсгэсэн бол хүнд рок сонссон ус эвдэрхий хагархай мэт дүрс,гар утасны дуу сонсгосон ус солирын хэлтэрхий мэт дүрс, хэдэн цагаар телевизийн өмнө байсан ус угаагдаж хэлбэрээ алдсан болор мэт дүрс, компьютерийн дэргэд хэдэн цаг байсан ус галт уулын тогоо мэт эв хавгүй дүрс үүсгэжээ.

Эндээс хүнтэй холбоотой их олон зүйлийн тайлал гарч ирж байгаа юм.Юуны өмнө хүн гэж юу вэ гэдгийг эргэцүүлэн бодоод үзье.Хүн бол дийлэнх хэсэг нь уснаас бүтсэн бодгаль.

Хүний биеийн 80 хувь нь ус учраас бид дээр дурьдсан савтай устай адил гэж хэлж болно.Нэгэнт хүн усны бүтэцтэй юм бол дээр өгүүлсэн алсын зайн дамжуулалт байх ёстойг нотлохын тулд Оросын эрдэмтэн Вячеслав Звоников мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран туршилт хийхэд 15 мянган км-ын зайд байгаа туршилтад орсон 2 хүний тархины ажиллагаа, амьсгал, судасны цохилт ижилсэж буй нь ажиглагджээ.Үүнээс үүдэн хүний бие дэх шингэн бол хүлээн авагч дамжуулагчийн үүрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Хайхрамжгүй хүйтэн, үзэн ядсан, уурлаж загнасан, занаж зүхсэн үйлдэл бусад хүний молекул бүтцийг эвдээд зогсохгүй тухайн хүнийг өөрийг нь хорлодог байна.Австрийн судлаач Аллиос Груббер “Бусдад уурлаж хараадаг хүн нэн тэргүүн 80 хувь нь шингэнээс бүтсэн өөрийн биеэ бохирдуулж, өвчлөх программ өөртөө суулгадаг” гэсэн нь бодууштай л үг.

Хар усаар хараах, аль эсвэл рашаанаар ариусгах заншил хаа сайгүй байсаар ирсэн нь эцэстээ хүн хэмээгч усан биетийн мэдээлэл хүлээн авах, хадгалах, дамжуулах чадварыг л ашиглаж буй хэрэг болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top